“Эх” цаасан шуумал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-13 12:13:05

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн музейн сан хөмрөгт хүүхдээ хөхүүлж буй эхийн дүртэй, тохой илүү өндөр цаасан шуумал байдаг. “Эх” нэртэй энэ цаасан шуумлыг Монгол Улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт барималч Н.Жамбаа 1963 онд бүтээжээ. Энэ цаасан шуумлыг цаас, даавуу, шохой ашиглан хийсэн байна.

Цаасан шуумал нь зүүн өмнөд Азийн орнуудад өргөн дэлгэрсэн цаасан урлагийн нэгэн төрөл аж. 17-р зууны үеэс монгол нутагт шарын шашин хүчтэй дэлгэрч сүм, хийд олноор байгуулагдан түүний дэргэд урчуудыг цуглуулан ажиллуулснаар шуумлын урлаг дэлгэрчээ. Ихэвчлэн шашны эд зүйлс цамын баг хийхэд ашиглаж ирсэн байна. Сүүлдээ уран баримал хийхэд ашиглах болсон гэдэг. Шуумлыг хийхдээ цааснаас гадна бөс даавуу хольж хийдэг байсан нь уг бүтээлийн бат бөх байдлыг сайжруулах нөхцөл болдог байжээ. Шуумал хийх гол арга нь цаасыг олон үе давхарлан жонхуугаар нааж хийдэг байна. Муутуу цаасыг гурилтай хольж чанаж болгоод биежүүлэн дүрсээ хийнэ. Мөн шороогоор дүрс хийж, түүн дээр жонхуутай муутуу цаас нааж, дүрсээ гарган засаж, будаж, маажиндаж хийдэг. Сүүлийн үед муутуу цаасны оронд сонины цаас ашигладаг болжээ гэж аймгийн музейн ажилтан Ж.Ганбат тайлбарлалаа. 

相关新闻