“Шинэ хөгжлийн зам” хөтөлбөр баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн ИТХ аймгийн Засаг даргын
2020-2024 оны үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийг баталлаа. Аймгийн
Засаг даргын эрхийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр нь хүний хөгжил, эдийн засаг,
ногоон хөгжил, засаглал, бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 5 бүлгийн 17 тэргүүлэх
зорилт, 108 дэд зорилтоос бүрдэж байна.
Экологийн тэнцвэрт
байдлыг хадгалсан, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлсэн, олон тулгуурт
эдийн засагтай, иргэдийн амьжиргааны түвшин өндөр, үндэсний хэмжээнд өрсөлдөх
чадвар бүхий тэргүүлэгч аймгийн нэг болох зорилт дэвшүүлээд байна. Эдийн
засгийн бүтцийг сайжруулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашгийг
нэмэгдүүлж, байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл
даах чадвартай, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгож
хөгжүүлэх юм. Мөн аялал жуулчлалыг байгаль орчин, эдийн засгийн үр өгөөжтэй
байдлаар бүсчлэн хөгжүүлэх зэрэг зорилтыг үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалаа.
Төрийн бодлого, хувийн
хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналд тулгуурлан
хүн, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, байгаль орчны тэнцвэртэй байдал,
бүс, орон нутгийг хөгжүүлэх, өмнөх бодлогын залгамж чанарыг хадгалахад анхаарч,
аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулсан
байна.