Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
шийдвэрээр тус аймагт гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл байгуулав.
Аймгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргээн
босгох арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх, аймаг, сумын тогтвортой хөгжлийн
бодлого, зорилтод уялдуулах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа,
иргэдийн оролцоо, орон нутгийн удирдлагыг бодлого, зөвлөмжөөр хангах чиг үүрэг
бүхий орон нутгийн зөвлөлийг аймгийн ИТХ-ын дарга, Онцгой байдлын газрын
удирдлага, зарим сумын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Тус
зөвлөл аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тогтвортой хөгжлийн
бодлого, хөтөлбөрт гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн зорилт болон
шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусгуулах ажлыг зохион байгуулах аж.
Орон нутагт гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв гаргадаг боловч хөрөнгийн асуудлыг шийддэггүй, болзошгүй гамшгийн эрсдэл үүссэн үед сумын мэргэжлийн анги, сайн дурынхан ажиллах багаж, зэвсэглэмж дутагдалтай, чадавхжуулах сургалтын хөтөлбөр баталдаг боловч хэрэгжүүлдэггүй зэрэг нь гамшгийн эрсдэлийг бууруулахад сөргөөр нөлөөлж байгаа талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.
Тус аймгийн 2800 гаруй иргэн үерийн
аюулд өртөж болзошгүй эрсдэлтэй нутагт амьдарч байгаа гэсэн мэргэжлийн
байгууллагын гаргасан судалгаанд үндэслэн жил бүр үер усны гамшгийн эрсдэлийг
бууруулах ажил зохион байгуулж, үерийн далан, суваг барих, нүүлгэн шилжүүлэх
зэрэг ажил хийдэг байна.