Булган аймагт хүнсний бараа, бүтээгдэхүүний нөөц хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-18 12:27:34

Булган /МОНЦАМЭ/ Өнөөдрийн байдлаар Булган аймагт хүнсний бараа, бүтээгдэхүүний нөөц хэвийн, хүнсний хангамж, үйлдвэрлэл, худалдааны төвийн нөөцийн судалгааг өдөр бүр гаргаж, холбогдох газруудад мэдээлж байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын гаргасан мэдээллээр гурил, төмсний жилийн хэрэгцээг хангах, мах, хүнсний ногооны 2-3 сарын нөөц байгаа аж. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн давс, элсэн чихэр, ургамлын тос, төрөл бүрийн будаа 9-25,0 тонн байгаа нь долоо хоногоос нэг сарын хэрэгцээг хангах боломжтой гэж үзжээ.

- Булган аймагт орох, гарах хүнсний үйлдвэрийн түгээлтийн автомашиныг саадгүй зорчуулж байна. Орхон-Булган аймгийн хооронд нэг гулууз хонины мах, таван ширхэг талх, нэг сагс өндөг гэх мэт зүйлийг аваачиж, хүнс тээвэрлэж байна гэсэн шалтаг тоочин зорчигчийн хөдөлгөөн ихсэх хандлагатай байсан учир замын хяналтын постод цагдаагийн хяналт дор хүнсний бүтээгдэхүүнийг солилцох арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн дээрх асуудлыг дахин гаргахгүйн тулд тусгай нэвтрэх хуудсыг ашиглаж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.  

相关新闻