Улаанбаатараас ирсэн иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, тандалтын багуудаа ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-17 18:16:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс, шуурхай штаб аймгийн нутаг дэвсгэрт “Ковид-19” цар тахлын сэжигтэй тохиолдол байхгүй байна гэж мэдээллээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, шуурхай штабын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж:

- Булган аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн дэглэмийг мөрдөн ажиллаж байна. Бүх төрлийн хүнсний нөөц хангалттай үзүүлэлттэй байна. Мөн тээвэр шатахуун, шатах тослох материалын нөөц хангалттай байна. Зорчигч хөдөлгөөний хувьд Улаанбааатар хот руу орох, гарах хөдөлгөөнд хяналт тавьж байна. Аймаг дотроо хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Сумдад хяналтын цэг байршуулан орох, гарах иргэдийг бүртгэлжүүлэн ажиллаж байна. Хөрш Орхон аймгийн иргэд Булган аймгийн нутаг дэвсгэрээс мал, махан бүтээгдэхүүн авах, идэш бэлтгэх зэргээр зорчих хөдөлгөөн ихэсч байгаад Булган аймгийн Онцгой комисс, шуурхай штабаас хяналт тавьж иргэдийг бүртгэлжүүлэн ажиллаж байгаа. Засгийн газрын шийдвэрээр хүнсний бүтээгдэхүүнд хязгаарлалт тавиагүй учир иргэдийг нэвтрүүлж байна. Орхон аймгийн Онцгой комисс, шуурхай штабт идэш бэлтгэх тухайн иргэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын асуумж бөглөн ирж аймгийн нутгаар зорчуулах хүсэлт тавьж байгаа.

Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын шинж тэмдэг манай аймгийн нутаг дэвсгэрт илрээгүй байна. Бид Улаанбаатараас ирсэн иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, тандалтын багуудаа ажиллуулж байна гэлээ.

相关新闻