Тээвэрчид "Мо-Эн-Ко" ХХК-нд найман заалт бүхий шаардлага хүргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цэцэг сумын нутагт "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхай үйл ажиллагаа явуулдаг. Тус уурхайгаас нүүрс тээвэрлэлт хийж буй 20 гаруй компани бий. Эдгээр компанид ойролцоогоор 600 орчим жолооч ажиллаж байна.
Иймд жолооч нарын эрх
ашгийг хамгаалах, зарим тулгамдсан асуудлыг хамтын оролцоотой шийдвэрлэх
зорилго бүхий “Мо-Эн-Ко” ХХК-д гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн үйлдвэрчний
эвлэлийн хороог байгуулан ажиллаж буй. Тус хорооны баг энэ сарын 8-нд “Хөшөөт уурхай”-д очиж жолооч нартай
уулзалт хийн, тайван жагсаал зохион байгуулжээ.
Энэ үеэр 150 гаруй
жолооч өөрсдийн гарын үсэг бүхий найман заалттай албан шаардлагыг “Мо-Эн-Ко”
ХХК-д хугацаатай хүргүүлсэн байна.
Мөн “Мо-Эн-Ко” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, өмнөх гэрээг
шинэчлэх замаар шинээр байгуулсан үйлдвэрчний эвлэлийн санал бодлыг тусгасан
гурван талт гэрээ байгуулах шаардлагатай гэж танилцуулжээ.
Хөшөөтийн уурхайгаас
тээвэрлэлт хийж буй жолооч нар хэлэхдээ: Цалингаа тогтмол хугацаанд авахгүй
байна. Тээвэрлэлтийн хөлс өмнөх жилүүдээс буурсан. Зээлээр шатахуун олгож
байсан ШТС-ууд
бэлэн мөнгөөр шатахуун өгөх зарчим баримталж байгаа. Түлш шатахууны үнэ
нэмэгдсэн. Тээвэрлэлт хийж байгаа авто зам эвдэрч тээвэр хийхэд хүндрэлтэй, эрсдэлтэй болсон зэрэг хэд хэдэн
асуудлыг онцолж, үйлдвэрчний эвлэлээр
дамжуулан “Мо-Эн-Ко” ХХК болон аймаг орон нутгийн зүгээс анхаарч ажиллахыг уриаллаа.
Энэ талаарх дэлгэрэнгүй
сурвалжлагыг 11 дүгээр сарын 9-ний өдөр
Ховд аймгийн “Жаргалант” телевизээр дамжуулан олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.