Аймгийн ИТХ-ын дарга төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатын олон
нийттэй хийсэн анхны уулзалтад төрийн бус байгууллагынхан оролцлоо. Тус аймагт
120 гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй бөгөөд тогтмол үйл ажиллагаа явуулдаг
нь цөөхөн аж. Аймгийн ИТХ-аас зохион байгуулсан уулзалтад 39 төрийн бус
байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна.
-Төрийн бус байгууллага олон
байдаг. Үйл ажиллагааны чиглэл төстэй байгууллага ч бий. Бид Булганхангайн
хөгжлийн төлөө нэгдэж, хамтарч ажиллах ёстой. Түүний нэг нь уулзалт, бие биенээ
ойлгох арга зам. Аль болохоор иргэдийн төлөөллийг бүх үйл ажиллагаанд
оролцуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажил хийнэ. Тиймээс бүх шатны
ИТХ-ын төлөөлөгч, төрийн бус байгууллагатай хамтран ажиллана. Аймгийн ИТХ-ын баримтлан ажиллах чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахад санал өгөх
хэрэгтэй. Нөгөө талаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай
хуулиар аймаг таван жилийн хөгжлийн төлөвлөгөө гаргаж ажиллах учиртай. Энэ бол
ямар нэгэн намын хөтөлбөр биш төрийн бодлого байх учир та бүхэн саналаа нэгтгэх хэрэгтэй. Аймагтаа
ийм ажил хийе гэсэн санаачилга гаргаж, төрийн дэмжлэг хүсч ажиллавал бид дэмжинэ гэлээ.