Олимпын мөнгөн медальт Ж.Даваажав агсны хөшөөг босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-09 08:31:14

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт Ж.Даваажав агсны хөшөөг Булган аймгийн биеийн тамир, спортын ордны өмнө босголоо.

Хөшөөний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Монголын олимпын медальтнуудын холбооны нарийн бичгийн дарга Баярсайхан болон Ж.Даваажав агсны төрөл төрөгсөд, нутгийн иргэд оролцлоо.

Монголын олимпын медальнуудын холбооны нарийн бичгийн дарга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Баярсайхан:

- Анх 2008 онд олимпын медальтнуудын холбоо байгуулсан. Олимпоос медаль хүртсэн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гурван тамирчинд хөшөө босгох санал санаачилга гарсан юм. Сэлэнгэ аймагт Д.Оюунболд, Увс аймагт Т.Артаг нарын хөшөөг босголоо. Энэ жил Ж.Даваажав агсны хөшөөг нутгийн зөвлөл, төрөл төрөгсөд, шавь нар, нутгийн иргэдийн хандиваар босголоо. Манай улсын 25 тамирчин 26 медалийг олимпоос авсан. Ж.Даваажав агсан олимпоос хүртсэн арав дахь буюу олимпын дөрөв дэх мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан гавьяатан юм гэж ярилаа. Ж.Даваажав агсны төрсөн дүү Ж.Алтангэрэл:

- Олимпын медальнуудын холбооны санаачилгаар энэ хөшөөг босгоход ах дүү хамаатан садан, нутгийн иргэд, тамирчин зэрэг олон хүн тусалж дэмжлээ. Энэ хөшөөг манай аймгийн Сайхан сумын харьяат уран барималч Д.Гантөмөр өөрийнхөө багтай хамтран урласан гэлээ.

Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Даваажав агсан 1980 оны Москвагийн олимпоос чөлөөт бөхийн 74 кг-ын жинд мөнгөн медаль хүртжээ. Мөн тэрээр үндэсний бөхийн улсын өсөн нэмэх, цогт идэр начин цолтой бөх бөгөөд 1982, 1986, 1990 онд улсын баяр наадамд тав давж шөвгөрч цолоо баталсан хүчтэн юм.


相关新闻