Монгол хэл бичгийн хичээлийг Төрийн дууллаа дуулан эхлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-05 14:42:14
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 31 сургуульд 18410 хүүхэд суралцдаг бөгөөд хүүхэд бүр монгол хэл бичгийн хичээлээр дамжуулан Төрийн дууллаа зөв бичих, цээжлэн дуулж сурсан байна. Мөн сурагчдад төрийн дууллын мөн чанар, утга агуулга, түүхэн уламжлалын талаар ойлгуулах, төрт ёс тусгаар тогтнолоороо бахархах үзэл санаа төлөвшүүлэх олон ажлыг өрнүүлж байгаа аж.
Түүнээс гадна сурагчдын монгол хэлний хичээлийн дэвтрийг Монгол Улсын төрийн далбаа, Төрийн дуулал бүхий хавтсаар ижилсүүлж, сурагчид хичээл эхлэхээс таван минутын өмнө “Төрийн дуулал”-ыг дуулж хэвшсэн бол дунд, ахлах ангийнхан төрийн дууллаа үндэсний бичгээрээ зөв бичих, унших чадварт суралцаж байна.
Цаашид “Төрийн дууллаа хүндэлье” зохион бичлэг, эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулах, эцэг эх олон нийтийг тус аянд нэгтгэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд багш суралцагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, монгол хүний хөгжил, монгол ахуй өв соёл, зан заншлыг сурталчлах ажлууд өрнөж байгаа юм. "Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аянд Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд ийнхүү нэгджээ.
相关新闻