Төөрч, малтайгаа уруудсан 64 хүнд тусламж үйлчилгээг хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-10-21 18:04:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн нийт нутгаар энэ сарын 20-нд цаг агаар муудаж, цасан болон шороон шуурганы улмаас аймгийн ОБГ-ын утсанд 31 удаагийн мэдээлэл дуудлага ирж, эрлийн ажиллагааг зохион байгуулжээ.

Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын 20-нд тус аймгийн нийт нутгаар салхи баруун хойноос секундэд 18-20 м/с зарим үед 24 м/с хүрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, цаг агаар хүндэрсний улмаас иргэдийн машин техник саатаж, төөрөх зэргээр бэрхшээлтэй учирчээ.

Тиймээс аймгийн ОБГ төөрсөн, замд суусан гэх 31 удаагийн мэдээлэл дуудлагыг 7059101, 7059105 утсанд хүлээн авч, сум орон нутгийн мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг удирдлагаар ханган, хамтран эрлийн ажиллагааг зохион байгуулж, нийт 64 хүнд тусламж үйлчилгээг хүргэн осол, эндэгдлээс авран хамгаалжээ.

Аймгийн Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас цахим сүлжээ, АСА цогцолбор 107,5 радиогоор цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг дамжуулж, аймаг, сумын удирдлага, малчид иргэд гээд 4200 хүний гар утсанд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажилласан ажээ.

Анхааруулга өгсөн хэдий ч малчид, иргэд хайхрамж муутай хандаж байгаа тул аймгийн Онцгой комиссоос мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч заавар зөвлөмжийг даган мөрдөж байхыг онцгойлон анхааруулж байгаагаа мэдэгдлээ. 

相关新闻