П.Нэргүй: Багийн дарга бүхний өмнөөс дуугардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага
багийн Засаг дарга Пунцагийн Нэргүйтэй уулзаж ярилцлаа.
- Малчид өвөлжилтийн бэлтгэлээ хэр хангаж байна?
- Манайхан өвөлжөө, хаваржааны ойролцоох жалга, судгийн өвсийг хадаж авсан. Хадлангийн тусгайлсан талбай бол байхгүй. Энэ жилийн хувьд гар тэжээл сайн авч байна. Өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн малчдын отор суманд ихээр ирж бэлчээрийн даац муудахад нөлөөлсөн. Энэ жил орж ирэх магадлалтай учир халгай хадаж, гар тэжээл зохих хэмжээгээр авч байгаа.
- Малчид малаа зах зээлийн эргэлтэд хэр зэрэг оруулж байна вэ?
- Манай сум нийслэлтэй ойр учраас малаа нэлээд борлуулдаг. Малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхол бий.
- Сүүлийн үед мал аж ахуйн мэргэжилтнүүд бэлчээрийн даацад тохирсон эрчимжсэн мал сүрэгтэй байх тухай яриад эхэллээ. Танай багт бэлчээрийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа бол?
- Манай багийн нутагт бэлчээрийн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны төв байгуулсан. “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” нэртэй олон улсын төсөл хэрэгжиж байгаа. Судалгааны төвийнхөн багийн иргэдийн нийтийн хурал дээр очиж иргэд, малчдад бэлчээрийг ашиглах, нөхөн сэргээх талаар мэдээлэл өгдөг. Хоёр, гурван жилийн өмнөхөө бодвол малчдын бэлчээрийн талаарх мэдлэг сайжирсан. Түүнийгээ дагаад бэлчээрийг сэлгээтэй ашиглаж эхэлж байна. Малыг эрчимжүүлэх, чанаржуулахад малчид түлхүү анхаардаг боллоо. Манай багт мал үржлийн нэгжийг Д.Түвшинжаргал гэж хүн байгуулаад ажиллаж байна. “Шинэ хөдөө” төслөөс таван бухан бяруу ирсэн. Хуц ирнэ гэж байгаа. Түүнийг малын үүлдэр угсааг сайжруулахад ашиглана. Ер сумаас мал үржлийн нэгжээр дамжуулж малаа эрчимжүүлэх бодлого барьж байна.
- Танай багт сургууль завсардалт байдаг уу?
- Сургууль завсардалт байхгүй гэж болно.
- Малчдын боловсрол дээшилсэн үзүүлэлт гарсан байдаг. Танай багт боловсролгүй иргэн байна уу?
- Боловсролгүй хоёр хүн бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс л дээ.
- Төв суурин газар шиг ажил, орлогогүй хүмүүс байх уу?
- Байхгүй. Харин амьдралын түвшин сайнгүй өрх бол бий. 200-гаас доош малтай өрхүүд байна. Тэд нар маань туслах малчин хийгээд явдаг.
Суурин газрынх шиг ажилгүй, гудамжны гэж хэлэхээр тийм
хүн байхгүй.
- Хүнсний дэмжлэг авдаг өрх байна уу?
- Хүнсний талонтой 5-6 өрх байна.
- Багийн түвшинд тулгамдсан ямар асуудал байна вэ?
- Бэлчээр л байна.
- Нийгмийн талаас гэвэл?
- Мал аж ахуйн түүхий эд үнэтэй байх л хэрэгтэй. Нэг хүүхдээ оюутан болгоод сургах гэхээр 5-6 сая төгрөг хэрэг болдог. Гэтэл мал мах үнэ багатай. 50-60 мал борлуулах хэрэгтэй болдог. Тэгэхлээр хөдөө аж ахуйн түүхий эд малын үнэ өндөр байх хэрэгтэй. Мал ашиг шимтэй түүхий эд өндөр үнэтэй байх юм бол хэрэглээний мөнгө боломжийн болж малын чанар сайжирч тоо толгой тогтвортой байх болно.
Энэ жил л гэхэд малчид ноолуурандаа найдаад өвөл зээл авсан. Хавар санасандаа хүрэхгүй өнгөрлөө.
- Хөдөөгийнхөн ном, сонин унших нь хэр байна?
- Хөдөөд ном уншдаг хүн бий. Харин үйлчилгээ нь хүртээмж бага байх шиг байна. Аймгийн сонин уншина. Малчид чинь орон нутгийн мэдээлэл авахыг хүсдэг.
-Төрийн захиргааны анхан шатны үйлчилгээг багийн дарга хүргэдэг. Та хөдөөний хүн малтай байх. Малаа хэр маллаж байна вэ?
- Төрийн анхан шатны үйлчилгээ багийн дарга нарт буудаг. Ах дүү нараараа мал маллуулаад өөрөө төвд сууж байна. Өндөр настан амралтад амарсан ч багийн даргын тодорхойлолт гэдэг. Нэг хүн шүд хийлгэсэн ч багийн дарга тодорхойлдог. Хүүхэд мэндэлсэн ч тодорхойлолт. Багийн даргын барагдахгүй ажлыг хийж сурч, дасаж байна даа. Энэ жил айлын өвөлжөө хаваржааны орчмын өвсийг хадчих гээд сүүлийн хэд хоног эргүүлд явж байна.
- Малчид өөрсдөө хамгаалах хэрэгтэй биз дээ.
- Манай газрыг хадах гээд байна гэдэг. Өөрсдөө очоод хэлэхгүй. Бид биш та хэлж өгөөч гэдэг. Туувар, отор нүүдэл ороод ирнэ. “Отрынхон ирэх гэж байна. Та очооч” гэдэг. Өөрсдөө мэдэж байгаа хэрнээ хэлдэггүй. Багийн дарга бүхний өмнөөс дуугарч явдаг юм даа.
- Та ямар мэргэжилтэй вэ? Багийн дарга хийгээд удаж байна уу?
- Энэ албыг 4 жил хаших гэж байна. “Шонхор” БТДС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ зургаан сар ажилласан.
Сүүлийн жилүүдэд багийн иргэдийнхээ судалгааг нарийвчилж байна. Туршлага суугаад гэх үү дээ. Багийн эмчтэйгээ хамтраад хэн хэдэн сард төрөх, шинэ иргэн хэзээ мэндэлсэн гэх мэт хүний холбогдолтой судалгаагаа байнга шинэчилж байгаа.
Мал мал гээд хүнээ хаяад байжээ. Багийн даргын ажлыг 2017 оны нэгдүгээр сараас авсан. Түүнээс хойш амьжиргааны түвшин доогуур 30 шахам өрхийг малжуулах төсөлд хамруулсан.
- Багийн түвшинд хэрэгжүүлсэн үр дүнтэй ажил гэвэл?
- Манай баг сантай. Нэг айлаас ямаа 10000 төгрөг аваад үүсгэсэн юм. Ямаагаа залуу гэр бүлд өгч маллуулдаг. Багийн хэмжээнд 40-50 ямаа хоёр жилд маллуулдаг. Тэр айл төлийг авна. Ноолуурыг авна. Ноолуурын 10 хувийг багийн санд төвлөрүүлдэг. Багийн сангаа залуу малчдаа дэмжихэд ашигладаг. Ахиж дэвжээд 400-500 малтай болсон залуучууд ч байна. Мөн багийн сангийн мөнгөнөөс ахмадын баяр тэмдэглэнэ. Шинээр гэр бүлд хадгаламж нээж өгнө. Мөн буяны ажилд дэмжлэг үзүүлнэ. Багийн өдөрлөг хийх, ядуу иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эмчилгээний тусламж үзүүлэх зэргээр ашиглаж байна.
-Ярилцсан танд баярлалаа.