Бэлчээр түрээслүүлсэн малчдад торгууль тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-06 20:31:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газар малчидтай бэлчээр ашиглуулах гэрээ байгуулж байна.

            - Нутаг, бэлчээрийг зүй зохистой ашиглах зорилгоор Багийн Засаг дарга нар болон сумын Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг малчидтай бэлчээр ашиглуулах гэрээг байгуулж байна. Одоогийн байдлаар Хараат багт 50, Лах багт 61, Доргонт багт 17 өрхтэй гэрээ хийлээ гэж сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Г.Хонгорзул мэдээллээ. Хүн, малын ундны усны худаг гаргахаас өөр зориулалтаар бэлчээрийн хэвлийг хөндөх, малчид өвөлжөө, хаваржаагаа бусдад ашиглуулах, түрээслэх, туслах малчин ажиллуулах нэрээр отор нүүдэл оруулж ирэх, бэлчээр талхлах, мал эмнэлгийн төлөвлөгөөт арга хэмжээнд мал сүргийг хамруулахгүй байх зэргийг гэрээнд тусгасан байна.

Өнгөрсөн онд тус суманд бусад аймаг, сумын нийт 128 өрхийн 126340 толгой мал зөвшөөрөлгүйгээр орж иржээ. Гадны аймаг, сумын айл өрхийг оруулж ирэн өвөлжөө, хаваржааны газраа түрээслүүлсэн малчин өрхөд зохих хууль журмын дагуу арга хэмжээг авсан байна. Сумын Засаг даргын Тамгын газар хууль, журам зөрчсөн 10 өрхөд 3.8 сая төгрөгийн торгууль тавьж төсөвт төвлөрүүлэн, 21 өрхийн өвөлжөө, хаваржаа ашиглах зөвшөөрлийг цуцалжээ.

相关新闻