Арслан Б.Жамьяндоржийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын арслан, “Тэмээ өргөдөг” хэмээн алдаршсан Б.Жамьяндоржийн нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах барилдаан Булган аймагт боллоо. Энэ жил 31 дэх удаагаа зохион байгуулсан нэрэмжит барилдаанд 11 сумын 15 байгууллагын өсвөрийн 131 бөхчүүд зодоглолоо.
Өсвөрийн бөхчүүдийн 10-11
насанд Сайхан сумын Д.Идэрбат, 12-13 насныхнаас Булган сумын “Эрдмийн өргөө”
цогцолбор сургуулийн Г.Мөнх-Ундрах, 14-15 насны ангилалд Гурванбулаг сумын Б.Өсөх-Ирээдүй,
16 насныхнаас Хишиг-Өндөр сумын М.Бэх-Очир, 17 насныхнаас Могод сумын М.Өсөхбаяр,
18 насны бөхчүүдээс Хишиг-Өндөр сумын Д.Мөнхбаяр нар түрүүллээ.
- Өсвөрийн бөхчүүд
бэлтгэл сайтай байна. Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах
тэмцээнд оролцох багийг нэрэмжит барилдаанд сайн барилдсан бөхчүүдээс бүрдүүлнэ.
Удахгүй улсын аварга шалгаруулах барилдаан манай аймагт болно. Үндэсний өв соёлоо дээшлүүлэх, алдартай бөхчүүдийн халамж халааг бэлтгэх зорилгоор улсын аварга
шалгаруулах тэмцээнийг хийхээр болсон гэж аймгийн Биеийн тамир, спортын газрын
дарга А.Ханддорж ярилаа.