“Соёл, урлагийн ажилтны баяр-2020” үйл ажиллагааг зохион байгуулав

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2020-09-08 09:06:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүдэг уламжлалын дагуу уг үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо зохион байгуулав. 


Тус аймгийн Соёл, урлагийн ажилтнууд Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд Алтай нутгийн сүлд дуу болох “Зулай цагаан Алтай” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслолоор баярын үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Нээлтийн эхэнд Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат баярын мэндчилгээ салбарын хамт олонд дэвшүүллээ. Баярт орон нутгийн соёл, урлагийн байгууллагын үе үеийн ахмад уран бүтээлчид, удирдлагууд, алдартан гавьяатнууд, хамт олон, сумдын соёлын төвийн эрхлэгч, ажилчид, номын санч, сургууль цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нар оролцов.

Мөн үеэр Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид, сумдын соёлын төвийн ахмад уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм. Түүнчлэн салбартаа манлайлан ажилласан уран бүтээлчдийг төрийн одон медаль болон жуух бичгээр шагналаа.

Тодруулбал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр “Миний нутаг” телевизийн гүйцэтгэх захирал Р.Төмөрчөдөр, Нийтийн номын сангийн эрхлэгч Э.Оюунгэрэл, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын нягтлан М.Нандинцэцэг, дуучин Д.Гантулга, Соёлын түшиг холбооны “Соёлын алдар” медалиар Нийтийн номын сангийн ажилтан Н.Оюун, байгууллагын “Хүндэт өргөмжлөл”-өөр дуучин Т.Мөнхдалай, хөгжимчин О.Жанчивдорж, бүжигчин Д.Сүхчулуун, тайзны зураач Ц.Батдэлгэр нар шагнууллаа.