Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуульд 20600 орчим сурагч суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/. Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан цаг үеийн бэлтгэл ажлын талаар Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүүгээс тодруулга авлаа.
Ховд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургууль бий. Тэгвэл 2020-2021 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар ерөнхий боловсролын сургуульд нийт 20600 орчим сурагч суралцах төлөвтэй байна. Үүнээс нэгдүгээр ангид 2137 хүүхэд элсэн суралцах тооцоолол гарчээ. Харин сургуулийн өмнөх боловсролын 44 байгууллага бий. Үүнд нийт 7300 орчим хүүхэд сурч хүмүүжих юм. Шинэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагааг сургууль, цэцэрлэг тус бүр цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Ингэхдээ цахим орчинд мэдээлэл түгээж, удирдах ажилтнууд мэндчилгээ дэвшүүлэх аж. Мөн өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилт, цаашид хийх ажлын төлөвлөгөөг эцэг, эх, сурагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт танилцуулах юм. Мөн энэ хичээлийн жилд хичээл сургалтын үйл ажиллагаа гурван улирлаар зохион байгуулагдах юм. Ингэхдээ аймгийн төвийн сургууль танхим болон цахимаар хичээллэнэ. Харин хөдөөгийн сумдын сургуулийн сургалтын үйл ажиллагаа танхимаар явагдах бөгөөд нэг ангид суралцах хүүхдийн тоо хязгаарлагдахгүй.
Түүнчлэн аймгийн төвийн долоон сургууль, 16 цэцэрлэгт бүлэг дүүргэлт
20-25 хүүхэд байхаар
төлөвлөсөн байна. Ингэхдээ тухайн анги нь үндсэн анги, дэд бүлэг гэсэн хоёр
бүлэгт хуваагдаж,
сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах аж.