17 суманд нийтийн цэвэрлэгээний ажил зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-20 17:57:24

Ховд/МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил болон 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах чиглэлд аймгийн Засаг даргын 03 тоот албан даалгавар гарч нийтийн эзэмшлийн зам талбайд нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна.

Өнөөдөр Ховд аймгийн 17 сумын нийтийн эзэмшлийн гудамж талбай, сургууль, цэцэрлэгийн орчны бүсэд цэвэрлэгээний ажил зохион байгуулж байна. Аймгийн төв буюу Жаргалант сумын хэмжээнд тус ажилд төрийн зургаан байгууллагын 230 гаруй ажилтан, албан хаагч оролцов. Тэд гудамж талбайн хог хаягдал, хогийн ургамал зэргийг цэвэрлэж, нэгдсэн хогийн цэгт хүргэх ажлыг гүйцэтгэж буй юм. Ингэснээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, боловсролын салбар байгууллагад цэвэр орчин бүрдүүлэх зэрэг давуу талтай гэж албаныхан онцоллоо.  

Энэ удаа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457 дугаар ангийн хамт олон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан бүтээлч санаачлагаараа нэгдсэн аж. Мөн цэвэрлэгээний ажлын дараа мэргэжлийн байгууллагууд орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны бүсэд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийхээр төлөвлөжээ.  


相关新闻