"Багшийн гараа" зөвлөн туслах үйлчилгээнд 70 орчим хүн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-20 14:03:55

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын хамт олон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шинээр ажилд орох багш нарт зориулсан "Багшийн гараа" зөвлөн туслах үйлчилгээг өнөөдөр зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ажлын байранд орох хүсэлтэй, ажил идэвхтэй хайгч, шинэ төгсөгчдийн төлөөлөл 70 орчим хүн оролцлоо. 

Тус үйл ажиллагаа нь орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт багш мэргэжлийн дагуу ажиллах сонирхолтой шинэ төгсөгч, ажил идэвхтэй хайж буй багш нарыг чадваржуулах, чиглүүлэх, дэмжих. Түр болон үндсэн ажлын байрны талаарх цаг үеийн мэдээлэл түгээх. Ажлын байрны нөхцөл, шаардлага, сонгон шалгаруулалтад бэлтгэх арга зүйн зөвлөмж өгөхөд чиглэж байгаагаараа онцлогтой. Энэ хүрээнд Боловсролын чиг хандлага-багш байхын учир, Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлого, Мэдээлэл харилцааны технологи-суралцагчдын хөгжил зэрэг хэд хэдэн сэдвээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Түүнчлэн нийт оролцогчид эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу математик, монгол хэл, гадаад хэл зэрэг 9 бүлэгт хуваагдаж, “Мэргэжлийн бүлгээр зөвлөх үйлчилгээ”-нд хамрагдсан юм. Ингэснээр тэдний өөрийгөө илэрхийлэх ур чадвар сайжирч, хамтдаа хөгжих, мэдлэгээ нэмэгдүүлэх боломж өргөжинө гэж албаныхан онцоллоо.   

相关新闻