"Нэг цаг-нэг ном" үйлчилгээ ном уншихын ач тусыг ойлгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын
сангаас “нэг цаг-нэг ном” уриан дор нэгэн өвөрмөц шинэ үйлчилгээг эхэллээ. Энэ үйлчилгээг нэг сарын турш
үзүүлэх аж.
Зуны амралт эхэлж, хүүхэд багачууд гэртээ ихэвчлэн
харгалзах хүнгүй үлддэг учраас тэднийг зурагт, цахим орчноос холдуулж, ном
унших дур, сонирхолтой болгох зорилгоор ийм үйлчилгээг санаачилсан байна.
Эцэг, эхчүүд өдөр нь ажилтай, орой нь ихэвчлэн завгүй байдаг
учраас хүүхэддээ цаг зав зарцуулж чаддаггүй.
Номын сангийн энэ үйлчилгээгээр эцэг эхчүүдийн дуудлагаар
гэрт нь очиж хүүхдийн нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон ном санал болгож,
ном уншихын ач тус, ном унших зөв дадал зэрэг зөвлөгөө өгч, бүр бага насны
хүүхдүүдэд дуртай номыг нь уншиж өгөх зэргээр нэг цагийг хамт өнгөрүүлэх ажээ.
Дэлхий дахинд тархсан коронавирусний халдварын улмаас
хөл хорио тогтоож номын сан ажиллаагүй удсан бөгөөд тэдний ном унших
хүсэл сонирхол буурсан. Хүүхдүүд харсан зүйлээ хийдэг. Тиймээс тус хамт олны
эхлүүлсэн энэ сайхан ажил, үйлчилгээг олон эцэг эхчүүд талархан дэмжиж байна.