“Бүрэгхангай” хонийг үржлийн хэсгээр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-03 16:26:05

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бүрэгхангай суманд үржүүлж буй мах-ноосны чиглэлийн хонийг ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр үржлийн хэсгээр баталгаажуулан “Бүрэгхангай” гэж нэрлэжээ.

Мах-ноосны чиглэлийн хонины ашигтай шинж чанарыг судалж сонгон, үржүүлгийн ажлыг удирдан зохион байгуулсан мал зүйч Ж.Батчулуун, хөдөө аж ахуйн ухааны доктор, зөвлөх мал зүйч П.Дамдиндорж нарыг үржлийн хэсгийн зохион бүтээгчээр, цөм сүргийн малчид, аймаг, сумын зарим мал аж ахуйн зарим мэргэжилтнийг идэвхтэй оролцогчоор баталсан байна.

Хангайн бүсийн байгаль, цаг уурын нөхцөлд гойд зохицсон, тэсвэр хатуужил сайтай, амьдын жин болон ноосны гарцаар нутгийн монгол хониноос илүү бөгөөд эм хонь нутгийн монгол хониноос 9,4 кг, ноосны гарц 0,720 грамм, “Баяд” үүлдрийн  хониноос амьдын жин 10,4 кг, ноосны гарц 0,12 граммаар илүү нутгийн шилмэл хонийг тус суманд өсгөн үржүүлж, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулсан байна гэж дүгнэжээ.

Мах-ноосны чиглэлийн “Бүрэгхангай” үржлийн хэсгийн хонь Цахт, Бумбат, Дархан гэсэн гурван удамтай аж. Өсвөр хээлтүүлэгч бойжуулах ажлыг 2018 оноос эхлэн зохион байгуулж, жилд дунджаар 150-200 өсвөр хээлтүүлэгчийг малчид, мал аж ахуй эрхлэгчдэд захиалгаар нийлүүлж, нутгийн монгол хонинд үндсэн сайжруулагчаар ашиглаж байна.  “Бүрэгхангай” үржлийн хэсгийн хонь хянан баталгаа хийх үед 39,6, үүнээс цөм сүрэгт хамаарах хонь 11,1 мянган толгой байсан бөгөөд аймгийн хэмжээнд 160,0, цөм сүрэг 25,0 мянга болж өссөн байна. 

相关新闻