Аймгийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-30 22:18:56

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс зургаадугаар сарын 30-нд цаг үеийн асуудлаар хуралдав. Хурлын хүрээнд 10 гаруй заалт бүхий шийдвэр гаргаж, мэргэжлийн байгууллагад хэд хэдэн үүрэг, чиглэл өглөө.

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан БОЭТ-ийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж, иргэдийг хувийн болон өрхийн эмнэлгээр дамжуулан эмчлэх, яаралтай тусламж үзүүлэхээр болов. Учир нь тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол байж болзошгүй гэх оноштой иргэн Г... БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тиймээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү шийдвэрлэжээ. 

Мөн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдал, хоол хүнс, эм тарианы бэлэн байдлыг хангах, тарваган тахал өвчний голомттой бүсэд байгаа иргэдийг дархлаажуулах зэргээр эрсдэлийг бууруулан ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Одоогийн байдлаар аймгийн төв буюу Жаргалант, Цэцэг суманд тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай аймгийн Засаг даргын А/340 дугаар захирамж хэрэгжиж байгаа. Гэвч элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулахтай холбогдуулан шалгалт өгөх сурагчдыг эцэг эх, багш нарын хамт тодорхой хяналтын дагуу асуумж авч, постоор нэвтрүүлэхээр болсон аж.

Мөн Улаанбаатраас Ховд аймаг чиглэлд агаарын тээврийн хэрэгслээр зорчигчдыг хүлээн авна. Харин Ховд аймгаас Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх боломжгүй гэх шийдвэр гаргасан гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

相关新闻