Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөө баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-22 21:37:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ирэх өвлийг өнтэй давах бэлтгэлийг эртнээс хангахаар мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах аймгийн нэгдсэн төлөвлөгөөг батлаад байна.

Энэ төлөвлөгөө мал сүргийг эрсдэлээс хамгаалахад иргэний нийгмийн байгууллага, төсөл хөтөлбөрийн оролцоо, хамтын ажиллагааг чиглүүлэх, хадлан тэжээл бэлтгэлийн ажлыг чанартай зохион байгуулах, худаг уст цэгийн эзэмшилт, ашиглалт, хашааны хангамж, мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, цас зудын бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

          Бэлчээрийн 147,5 мянган га талбайд хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажлыг зохион байгуулах, талхагдалд орсон бэлчээрийн 59,7 мянган га талбайг малын хөлөөс чөлөөлөх, 179,4 мянган га талбайг сэлгэж ашиглах, нөхөн сэргээх, хашиж хамгаалах, инженерийн хийцтэй 32 худаг шинээр гаргах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1,2 сая мал сүргийг хамруулах зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна.

          - Аймгийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу сум бүр хэрэгжүүлэх ажлаа төлөвлөнө. Малчид өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах, өвс тэжээл бэлтгэхэд хариуцлагагүй хандаж малын тоо толгойдоо тохируулан нөөц бүрдүүлэхгүй, ахиу цас ороход ихэнх малаа хорогдуулж байгаад дүгнэлт хийж өвс тэжээлийг хангалттай хэмжээнд бэлтгүүлэхэд анхаарна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албаны дарга М.Жавзандолгор ярилаа.

相关新闻