“Хүний хөгжлийг дэмжих жил” болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзийтэй уулзаж дараах тодруулгыг авлаа.
-Өнгөрсөн онд томоохон ямар бүтээн байгуулалтын ажил хийсэн гэж үзэж байна вэ?
-Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил нэлээд хийлээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 8,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Булган хотын цэвэрлэх байгууламжийн ажил эхэлсэн. Мөн Булган-Орхон чиглэлийн хатуу хучилттай замыг барьж ашиглалтад орууллаа. Булган хотын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэлийн ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр хийж байна. Энэ ажлын гүйцэтгэл 70 хувийн биелэлттэй байна. 2020 онд хийж дуусгана.
-Жилийн жилд нэг нэрэмжит ажил зарладаг. 2020 оныг аймгийн хэмжээнд ямар жил болгон зарлахаар төлөвлөж байна вэ?
-Булган аймгийн хэмжээнд “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлахаар бэлтгэж байна. Гол нь хүмүүсийг соён гэгээрүүлэх, нийгмийн зан суртахууныг сайжруулах, дээшлүүлэх, хүүхэд залуучуудад эх орон, өв соёл, хүмүүжил төлөвшил гэдэг ямар зүйл байдаг юм гэдгийг ойлгуулж ухамсарлуулах, нийгмээрээ сайн сайхан амьдрахын төлөө хүн болгон хичээх ёстой гэж үзэж энэ жилийн ажлын зорилгыг тодорхойлж байна.
-Энэ жилийн хөрөнгө оруулалт ямар салбарт чиглэж байна вэ?
-Аймгийн ИТХ-аар 2020 оны төсвийг батлууллаа. Нийтдээ 65,0 тэрбум төгрөгийн төсвийг баталж ирэх онд төсвийн зарлагыг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний 5,0 гаруй тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 30,0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Аймгийн хэмжээнд нийгмийн салбарын барилга байгууламжийг засаж сайжруулах, өргөтгөх ажил төсвийн хөрөнгө оруулалтын нэлээд хэсгийг эзэлж байгаа. Мөн Орхон-Хишиг-Өндөр чиглэлийн 12,5 км замын ажил дуусгах ажлыг энэ жил хийнэ.