“Дөрвөн аваргын хишиг” барилдаанд улсын начин Д.Амарсайхан түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан “Дөрвөн
аваргын хишиг” үндэсний бөхийн барилдаан Булган аймагт боллоо.
Булган аймгийн Ардчилсан намаас зохион байгуулсан хүчит
бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосноос тус аймгийн
Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан түрүүллээ. Монгол Улсын начин Ж.Баянмөнх,
Д.Тамир, аймгийн арслан Г.Ганбаатар нар их шөвөгт үлдлээ. Улсын начин
Д.Амарсайхан гурвын даваанаас эхлэн Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат,
аймгийн арслан Г.Бадрах, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын начин Б.Ганхуяг,
Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын начин Д.Тамир, Сэлэнгэ аймгийн
Мандал сумын харьяат, улсын начин Ж.Баянмөнх нарыг давж “Дөрвөн аваргын хишиг”
барилдааны түрүүг хүртсэн юм.
Домогт аварга Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа, дархан аварга
Б.Түвдэндорж, даян аварга С.Цэрэн нарын нэрэмжит “Дөрвөн аваргын хишиг” үндэсний
бөхийн барилдааны үеэр тус аймгийн Ардчилсан намаас улсын аварга Г.Эрхэмбаяр, дархан аварга Б.Түвдэндоржийн
охин Отгончулуун, даян аварга С.Цэрэнгийн охин Уранчимэг нарт хүндэтгэл
үзүүллээ.