Хилийн застав эрчим хүчтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-12 14:07:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сум дахь хилийн цэргийн заставыг эрчим хүчний эх үүсвэрээр хангалаа.

Монгол Улсын хилийн бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулахад хамтран ажиллахаар Хил хамгаалах ерөнхий газар, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Мобиком корпораци ХХК байгуулсан санамж бичгийн хүрээнд Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн заставыг нар, дизель хосолсон эх үүсвэр ашиглан цахилгаан эрчим хүчээр хангах төслийн нээлт боллоо.

Тус заставыг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгосноор хилийн холбоо харилцааг сайжруулах, заставт амьдарч буй айл өрхүүдийн амьдрах нөхцөлийг дээшлүүлэх, цаашлаад хилийн бүс нутагт шаардлагатай дэд бүтцийн бусад асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах эхний алхам болох юм.

Энэхүү төслийг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн байгууллагууд болон Мобиком корпораци ХХК-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн гэдгийг онцлох нь зүйтэй гэж Хилийн цэргийн 234-р ангийн захирагч, хурандаа Ж.Жамсрандорж нээлтийн ёслолын үеэр хэллээ.

Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан “Монхорус интернэйшнл ХХК, Сопоко ХХК, Нар-зөөврийн цахилгаан станц дэлгүүр болон түнш байгууллага Мобиком корпораци ХХК-ийн хамт олонд хилчдийн зүгээс талархал илэрхийлэв.

相关新闻