Б.Намжил: Галчаас эхлээд газар тариаланд хийгээгүй ажил байхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-12 11:24:56

Булган /МОНЦАМЭ/ Булган  аймгийн Хутаг-Өндөр сумын ахмад тариаланч, Монгол Улсын Гавьяат механикжуулагч Бөмбөгийн Намжилтай уулзаж ярилцлаа.


- Атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байна. Та хэдэн намрын ургацын далайн дээжийг хүртэв?

- Газар тариалангийн үйлдвэрлэлд тавиад жил ажиллажээ. Тэтгэвэртээ гарснаас хойш хавар, намар, зун зарим компанид зөвлөх маягаар ажиллаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллаад хийгээгүй ажил гэж бараг байхгүй дээ. Галч, тогооч, бригадын дарга, бригадын механикч, компанийн гүйцэтгэх захирал хүртэл хийж байлаа.

Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хүн. 1968 оноос Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн Хонгорын тасагт тракторч, конбайнчаар ажилд орж, энэ салбартаа хүчин зүтгэсэн.

- 1980-аад оны үед намар орой болтол ургац хурааж, зарим үед цасанд даруулж байсан санагддаг.

- Намар орой тариа хураахад төвөгтэй. Техник цөөнтэй, тариан талбай ихтэй. Ургац сайн жилүүдэд халууныг халуун, хүйтнийг хүйтэн гэхгүй ажиллаж байлаа. 1977 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Магсаржав” сангийн аж ахуй байгуулагдсан. Бид нар Тариалангийн сангийн аж ахуйгаас шилжиж ирж байсан. Сангийн аж ахуйн даргаар Г.Динаажав гэдэг хүн ажиллаж байлаа. Тэр үед техник хүчин чадал муутай, ургац их ургадаг байсан учраас цасанд даруулах, намар их орой болтол тариан талбайдаа тариа хураах үе их байсан. Цасанд тариагаа даруулж Динаа дарга “ор алдахаар тал алд” гэдэг юм гэж хэлээд үр тариагаа цастай цайруулж байлаа. Арвин ургац авч байснаар “Магсаржав” сангийн аж ахуй ургацын аваргаар тодорч шагнал авч байсан.

 - Хамгийн өндөр ургац авснаа дурсвал?

- Миний хувьд Хантай багт 1 га-аас 75 центр ургац хураан авч байлаа. Нийт эргэлтийн талбайгаас биш л дээ. Үүнийг мэдэх хүмүүс энэ нутагт нэлээд бий. Газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллахад дээр үеэс авахуулаад өдий хүртэл их олон сайхан хүүхдүүдийг тракторч, комбайнч болгосон. Эдний дундаас олон алдартан төрсөн. Улс, аймгийн аварга гээд алдартнууд Хутаг-Өндөр суманд олон байна.

- Одоо газар тариалангийн салбарт техникийн хүчин мөхөсдөх үе алга болсон байх аа.

- Одоо бол бидний үеийг бодоход газар тариалан эрс шинэчлэл хийж шал өөр болжээ. Тэр үед тариа хураах газар талбай ихтэй техник багатай учир хугацаа алддаг, технологийн горим зөрчдөг асуудал их гарч байсан. Одоо бол техник технологи сайжирсан, агро техникийн шаардлагыг бүрэн хангаж ажиллах өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмжтэй болсонд их бахархаж байдаг. Газар тариалангийн ажил бол цаг хугацаа алдахгүй, технологийн горим зөрчихгүй байж, хавар хэдий чинээ богино хугацаанд тариалж, намар хурдан ургацаа авч чадна, төдий чинээгээр үр тарианы хаягдал бага гарч, их ургац авах болохоор одоо үеийн энэ сайхан техникүүд миний залуу насанд таарах минь яав даа гэж би боддог.

- Та 1993 онд гавьяат цол хүртсэн байх аа?

- Би 1993 оны 7-р сарын 10-нд Монгол Улсын  Ерөнхийлөгчийн 1993 оны 93-р зарлигаар гавьяат механикжуулагч цол хүртсэн. Тэрнээс хойш 26 жил өнгөрчээ.

- Тэр үед таны тодорхойлолтод “түрээсийн гэрээтэй ажиллаж, тогтвортой ургац хураасан” гэж үнэлсэн байсан.

- Анх Хонгор толгойн тасагт байхдаа газар тариалангийн үйлдвэрлэлд түрээсийн гэрээг анх нэвтрүүлж шахуу төлөвлөгөөтэй өндөр ургац авах ийм зорилт тавьж ажилласан. Тэр үед сангийн аж ахуйн дарга нь Динаажав, эдийн засагч нь Жаалтар гэж хүн байсан. Бид нэг га-аас 18 центр ургац авах үүрэг амлалт аваад 4-5 жил дараалан нэгж талбайгаас 20-иос доошгүй центр ургац авдаг байсан. 1990-ээд оноос хойш бид “Хантай” компанид түрээсийн салаа зохион байгуулж ажиллаад салааны ахлагч, давхар комбайны жолоочоо хийгээд аймгийн аварга салаа, улсын аварга салаа болж байлаа.

Механикжуулагч хүн бол жилийн аль ч улиралд ямар ч цагт техникээ ажиллахад бэлэн байлгахад анхаардаг. Үүнийг эзэмшихийн тулд ахмад үеийн болоод гавьяат баатруудын туршлагаас сурч үүнийг өөрийнхөө амьдрал дээр үзүүлж ажиллаж байсан. Техникийг бэлэн байдалд байлгахгүй бол технологийн шаардлага алдагдуулах хугацаа алдах асуудлууд гарч ургацад нөлөөлдөг.

- Тариаланч хүний нүдээр харахад хөрсний элэгдэл ажиглагдаж байна уу?

- Одоогоос 40 гаран жилийн өмнөх үеийн юм ярих гэж байгаа учир зарим хүмүүс их гайхах байх. Манай орны газрын хөрс маш сайн хар хүрэн шороотой, үржил шим сайтай, бороо хур их ордог байсан. Одоо бол өөр болсон зүйл ажиглагдаж байна. Сайхан үржил шимтэй талбай маань хөрсний доройтолд орж зарим газраа сааралтаж өгөөж муутай болсон харагдаж байна л даа. Ингээд бид төрөл бүрийн бордоогоор бордох тухайлбал үржил шимгүй болсон хөрсүүдийг өтөг бууцаар хэсэгчлэн бордож бай гэсэн зөвлөгөөг байнга тавьж хэлж ажиллаж байгаа.

- Сэлгэн тариалалт хийж талбайн үржил шимийг алдагдуулахгүй байх ажил хийж байсан байх?

- Хөрш сайжруулах сэлгээг их хийдэг байсан. Улаанбуудай тариалсан талбайд дараа жил нь вандуй ч юм уу, олон наст ургамал ч юм уу тариалдаг байсан. Одоо бол бордож л байна. Тухайн жил үр өгөөжөө өгөх бордоогоор бордчихоод байх шиг байна. Олон жил үр өгөөжөө өгөх өтөг бууцаар бордох шаардлага байгаад байна даа.

- Ярилцсан танд баярлалаа.

相关新闻