Ямар өвөл болохыг уламжлалт аргаар шинжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-15 17:06:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Намрын дунд сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр энэ сарын 13-нд тохиож, энэ өдөр Малчин телевизийн сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэн, Дундговь аймгийн Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан болон Төв, Говьсүмбэр аймгийн зарим сумын малчид, удирдах ажилтнууд, Говь Угтаал сумын Бага залаа болон Хараатын уулан дээр гарч, тэнгэр хангайгаа шинжин тольджээ.

Нутгийн малчид тус аймгийн Говь-Угтаал сумын Их Угтаал, Бага залаа, Хараатын уулан дээр намрын дунд сарын шинийн 15-нд гарч, тэнгэрийн байдлыг ажин, ирэх өвөл ямар болохыг шинждэг энэ арга ухаан эрт үеэс уламжлан ирсэн гэдэг. Харин аймгийн малчид уулан дээр гарсан малчдынхаа амыг даган хаана, хэрхэн өвөлжихөө шийддэг байна.  

Уулан дээр гарсан хүмүүсийн ажиглалтаар ирэх өвөл салхи ихтэй, хүйтэн, цастай өвөл болох гэнэ. Гэхдээ зуд болохоор цас орохгүй магадлалтай аж. Зарим ажиглагчид 2007-2008 оны өвөлтэй ойролцоо өвөл байх болов уу гэж дүгнэжээ.

Мөн хавар хавсарга ихтэй, малын өвчин эмгэг гарах магадлалтай, урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг хэлсэн байна.  

Дээрх дүгнэлтийг аймгийн УЦУОШГ-аас гаргасан 2020 оны хоёрдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээтэй харьцуулахад нэгдүгээр сард олон жилийн дунджаас ахиу тунадас унах ба бусад сард дунджийн орчим тунадас орно гэсэнтэй дүйж байна.

Харин агаарын хэмийн хувьд цаг агаарын урьдчилсан мэдээгээр олон жилийн дунджаас дулаан өвөл болно гэсэн бол малчдын ажигласнаар хүйтэн салхи ихтэй өвөл болох ажээ.

 

相关新闻