Үзэсгэлэн худалдаанд 155 төрлийн 9,5 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд
зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд-Булганд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа
таван өдөр үргэлжилж, давхардсан тоогоор 155 төрлийн бүтээгдэхүүний 9,5 сая
төгрөгийн борлуулалт хийсэн талаар аймгийн статистикийн хэлтсийн мэдээнд дурдлаа.
Үзэсгэлэн
худалдаа зохион байгуулсан аймгийн ЗДТГ, ХХААГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар
хамтран шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулжээ. Шинэ төрлийн шилдэг
бүтээгдэхүүнээр “Тунамал өгөөж” ХХК-ийн их шүүдэргэнэтэй чацарганы цай, орон
нутгийн шилдэг бүтээгдэхүүнээр Сэлэнгэ сумын зөгийн бал, Тэшиг сумын буриад
талх, цөцгийн тос, сийрсэн ааруул, органик бүтээгдэхүүнээр Хангал сумын “Хүй
манал” ХХК-ийн бор будааны чанамал, уламжлалт аргаар боловсруулсан
бүтээгдэхүүнээр Рашаант сумын иргэн Д.Түвдэнваанчигийн суран эдлэл, хөнгөн
үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр Баяннуур сумын иргэн Д.Жаргалын үйлдвэрлэсэн
гутал, Хишиг-Өндөр сумын иргэн Ш.Бадамын хийсэн цагаан ултай гутал,
хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр Булган сумын “Хустай бейкери”
ХХК-ийн нарийн боовыг шалгаруулсан байна. Мөн Завханы улаан саримс, Ховдын
цагаан саримс тарьсан Булган сумын иргэн Г.Дорж, Шинэ сортын ногоо нутагшуулсан
шилдэг ногоочноор тодруулжээ.
Шилмэл
малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Сэлэнгэ сумын “Сэлэнгэ”
үхэр, “Хангай” хониноос өөр мал ирээгүй юм.