Үндэсний сурын “Отго харваа” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-14 12:53:23

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Монгол нум сум” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ намар үндэсний сурын “Отго харваа”-г Хутаг-Өндөр суманд зохион байгууллаа. Энэ харвааны онцлогийн талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд үндэсний сурын спортыг хөгжүүлэхээр “Монгол нум сум” хөтөлбөр хэрэгжүүлж, сум бүрт сургалт хийсэн. Хавар “Нээлтийн харваа”, намар “Отго харваа” тэмцээн зохион байгуулдаг боллоо" хэмээн ярьлаа. Энэ оны “Отго харваа”-нд Хутаг-Өндөр, Орхон, Баян-Агт, Булган, Бүрэгхангай сумдын 30 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьлоо. Сур харвааны эрэгтэй төрөлд Бүрэгхангай сумын харваач, Спортын мастер, аймгийн мэргэн Д.Галбадрах түрүүлж, Булган сумын харваач, спортын мастер, аймгийн гарамгай мэргэн М.Лхагвасүрэн, Хутаг-Өндөр сумын харваач, сумын мэргэн О.Амараа, Бүрэгхангай сумын харваач, аймгийн гарамгай мэргэн М.Болд, Булган сумын харваач, аймгийн гарамгай мэргэн М.Мөнхбаатар нар удаах байранд шалгарлаа. Эмэгтэй харваачдаас Бүрэгхангай сумын харваач, Спортын мастер, аймгийн мэргэн Л.Мөнхзул түрүүлж, мөн сумын залуу харваач Г.Намуун,  Булган сумын харваач, аймгийн мэргэн Т.Мөнгөнтуяа, мөн сумын залуу харваач Д.Алимаа, Н.Нямсүрэн нар эхний байр эзэллээ. Хүүхдийн харвааны төрөлд эрэгтэйчүүдээс Хутаг-Өндөр сумын харваач А.Билгүүнтамир, Б.Маналсүрэн, Бүрэгхангай сумын харваач Г.Мөнхбат, Хутаг-Өндөр сумын харваач А.Жавхлантөгөлдөр, Г.Мянганбаяр, харваач охидоос  Хутаг-Өндөр сумын харваач Г.Дөлгөөн, М.Урантогос, Г.Үүрийнгэгээ, Г.Мягмаржаргал, Ү.Энх-Амар нар эхний таван байранд шалгарлаа.


“Отго харваа”-г Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газар хамтран зохион байгууллаа.

相关新闻