“Миний багш-миний бахархал” үйл ажиллагааг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-10-06 14:42:02

Төв /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдрийн үйл ажиллагааг Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан багш нартаа хүндэтгэл үзүүллээ.

Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, БСУГ-ын дарга У.Даваажав тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд болон ахмад, дунд, залуу үеийн багш нарын төлөөлөл оролцсон юм.

"Миний багш-Миний бахархал" үйл ажиллагааны үеэр Төв сайхан нутгийнхаа гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө сэтгэл зүрх, оюун билгээ зориулж яваа тэдний хөдөлмөрийг үнэлж салбарын болон аймгийн шагналаар шагнаж урамшууллаа.

Аймгийн хэмжээнд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр 12, Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр нэг, Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан цол тэмдгээр нэг, БСШУСЯ-ны Хүндэт жуух бичгээр 15, аймгийн ИТХ-ын Хүндэт жуух бичгээр долоо, Хүндэт тэмдгээр нэг, аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичгээр 12, аймгийн Хүндэт тэмдгээр дөрвөн багш шагнуулсан байна.

Төв аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 51, Ерөнхий боловсролын 30 байгууллагад нийт 1038 багш ажиллаж байна. Нийт багш нарын 23.1 хувийг нь 30 хүртэлх насны залуу багш эзэлж байгаа бөгөөд 20.6 хувь нь 1-5 хүртэлх жилдээ ажиллаж байгаа аж. 

相关新闻