ТӨВ: Дэлгэрхаан сумын ЭМТ-ийг засварлаж шинэчлэх гэрээнд гарын үсэг зурлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хүрээнд хэрэгжих Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвийг засварлаж, шинэчлэх төслийн гэрээнд Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар энэ сарын 25-нд гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Дэлгэрхаан сумын иргэд олон улсын стандартад нийцсэн тохилог орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжтой болох юм.
Төв аймгийн ууган сумдын нэг Дэлгэрхаан сум нь аймгийн төвөөс 234 км, Улаанбаатар хотоос 318 км зайд оршдог, 1700 гаруй хүн амтай. Тус сумын Эрүүл мэндийн төв жилд давхардсан тоогоор 2000 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн төвийн барилгыг 1988 онд барьсан бөгөөд 2023 онд дээвэр, гадна фасадны засварын ажил хийж байжээ.
Ташрамд, Япон Улсын Засгийн газраас Төв аймгийн
хэмжээнд боловсрол, эрүүл мэндийн салбарт 24 төслийг амжилттай
хэрэгжүүлсэн бөгөөд аймаг, орон нутгийн иргэд, хүүхэд залуус үр шимийг нь өнөөг
хүртэл хүртсээр байна. Энэ удаагийн Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвийн
барилгын засвар, шинэчлэлт нь 25 дахь төсөл болж байгаа юм.