“Мэдээллийн богц” баг бүрт аялна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-18 22:46:58

Булган /МОНЦАМЭ/ Иргэдэд төрийн мэдээллийг хүргэх, санал бодлыг судлах, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, ИТХ-ын төлөөлөгчийн идэвх санаачилгыг өрнүүлэх зорилгоор Булган аймгийн Гурванбулаг сумын ИТХ “Мэдээллийн богц” ажиллуулж байна.

          “Мэдээллийн богц” ажиллуулах журам баталж, төрийн байгууллагууд хууль тогтоомж, аймаг, сумын ИТХ, Засаг даргаас гаргасан шийдвэр, төрийн байгууллага, албан тушаалтны чиг үүргийн талаарх мэдээллээр хангах, иргэдийн хувьд санал хүсэлт, өргөдөл гомдлыг зохих журмын дагуу гаргах, байгууллага, албан тушаалтанд ажлын цагаар холбогдох мэдээлэл ирүүлж байхаар журамласан байна.

          Өрх бүр гурав хоног мэдээлэлтэй танилцан гарын үсэг зурж баталгаажуулан дараагийн өрхөд шилжүүлдэг аж. “Мэдээллийн богц”-ыг тухайн тойргоос сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгч ажиллуулж, багийн Засаг дарга сар бүр иргэдийн санал хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлан хариу авч байна.

          - Иргэн бүрийн санал бодлыг судалж, орон нутгийн хөгжил дэвшилд тэдний санал санаачилгыг тусгаж шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоог бүрэн хангаж, төрийн үйлчилгээний чанар, шуурхай, ил тод байдлыг хангахын тулд энэ арга хэмжээг хэрэгжүүлж байна гэж сумын ИТХ-ын дарга Б.Дэлгэр ярилаа.

          “Мэдээллийн богц” энэ оны 11 дүгээр сарын 20 хүртэл баг бүрт аялна.

          Хөдөөгийн багт ИТХ-ын нэг төлөөлөгч 20 өрхөд энэ богцыг ажиллуулахаар зохион байгуулжээ.

相关新闻