Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТББ-уудын
тухай хуулийг шинэчлэн Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль болгон
гаргах гэж байна.
Үүнтэй холбоотойгоор ТББ-уудын нэгдэл (консорциум)-ээс өчигдөр уг хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хуулийн төслийг ХЗДХЯ-наас боловсруулаад байна. Хэлэлцүүлгийн талаар бид Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийсэн Хараат бус судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батсугараас тодруулсан юм.
-ТББ-уудын тухай хуулийг яагаад шинэчлэх болов?
-Юуны өмнө энэ хууль анх 1997 онд батлагдан гарснаас хойш зургаан удаагийн нэмэлт өөрчлөлт хийснийг хэлэх хэрэгтэй байх. Гэвч ингэхдээ яг хуулийн утга агуулга буюу үзэл баримтлалын тухайд, концепцийн хувьд өөрчлөөгүй ирсэн гэж хэлж болно. Орсон өөрчлөлт гэвэл Улсын бүртгэл болон Татварын тухай хуулиудтай холбоотойгоор өөрчилж ирсэн юм. Нэг ёсондоо шинэчлэхийг оролдож байсан. Гэвч өнгөрсөн жилээс Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийг шинэчилсэн байдлаар найруулж хуулийн төслийг боловсруулаад одоо хэлэлцүүлж байна.
Хэдийгээр энэ хуулийн нэр нь өөр боловч цаад үзэл санаа нь ТББ-уудын харилцааг зохицуулах зорилготой хууль юм. Ийм шаардлага хөгжлийн явцад гарч ирсэн. Наад захын жишээ хэлэхэд, улстөрийн намуудын дэргэдэх олон нийтийн гэгдэг ТББ-ууд болон шашны байгууллагуудыг тусад авч үзэж байх, ер нь ТББ-уудын бүртгэл, татварыг мөн тусад нь зохицуулж байх гээд шинэчлэх зүйл олон байгааг хуулийн төсөлд суулган өгч байна. Энэ талаар өнөөдөр ТББ-уудын саналыг авч байна.
-Шинэ хуулиар өмнөх ТББ-уудын тухай хуулинд байсан ямар
алдаа, оноог засаж сайжруулаад, шинээр юу орж ирж байна вэ? Та хийсэн
дүгнэлтээсээ заримыг танилцуулна уу?
-ТББ гэдгийг бид цаад
утгаар юу гэж ойлгож байна гэхээр энэ бол иргэний нийгмийн харилцааг зохицуулах
явдал гэж үзэж байгаа. Үнэндээ 1997 онд баталсан ТББ-ын тухай хуулийн
зохицуулалтыг бол чөлөөтэй орхичихсон байсан юм. Хуульд гол суурь зарчмуудаа
оруулж тусгаад сонголтыг нь ТББ-уудад өөрсдөд нь үлдээчихсэн юм.
Одоо хууль санаачлагчид болон бусад талуудаас гарч буй шүүмжлэл гэвэл ААН, компаниуд татвараас зугтах гэж ТББ-ын үйл ажиллагаа явуулаад байна гэсэн юм бий. Нөгөө талаар ТББ-уудтай өөрсөдтэй нь холбоотойгоор, энэ олон байгууллага идэвхгүй ажиллаж байна, бүртгэл нь тодорхой бус байна, нөгөө нийгмийн дуу хоолойг гаргах үүргээ биелүүлж байгаа нь хаана байна, цөөн байна гэсэн шүүмжлэл бий. Жишээ нь, өнөөдөр манай улсад 20 мянган ТББ бүртгэлтэй байгаагаас идэвхтэй ажиллаж байгаа нь хэд байна гэсэн асуулт тавигдаж байгаа. Энэ нь ганц ТББ дээр гарч байгаа асуудал биш л дээ.
Улсын хэмжээнд бүртгэлтэй хичнээн ААН, компани байгаа билээ, тэрнээс хэдэн
нь үйл ажиллагаагаа явуулаад тайлангаа өгдөг билээ гэдэг шиг энэ гарч байгаа шүүмжлэлүүд
бүх л хуулийн этгээдэд байгаа асуудлыг хөндөж байна.
Хоёрт, санхүүлжилтийн ил
тод байдлаас хамаараад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл талаас бас ТББ-уудын
үйл ажиллагааг харж байгаа. Гадна, дотноос мөнгө угаах байдал ТББ-уудад гарч,
олон нийтийн байгууллагын нэрийг ашиглаж буй байдал гарч байгаа гэдэг. Гэхдээ
ингэж шууд үзэхээсээ илүүтэйгээр олон улсын гэрээ, конвенцид манай улсын
хүлээсэн үүргийн дагуу бид дээрх эрсдэлүүд гарахаас сэргийлж зохицуулалтыг сайжруулах
ёстой гэсэн үзэл баримтлал хуулийн төслийн хэлэлцүүлгээр явж байгаа.
Ерөнхийдөө дүгнэж
хэлэхэд, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих үүднээс төр, ТББ-уудын хамтарсан институт
болох Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлийг байгуулахаар хуулийн төсөлд
тусгаж байгаа. Тус зөвлөл нь доороо буюу дэргэдээ Иргэний нийгмийн хөгжлийг
дэмжих сантай байхаар зохицуулах гэж байна. Тэр сан руу нь төрийн шугамаар
төсвөөс тодорхой хэмжээний мөнгө хуваарилаад олон улсын байгууллагууд болон хувийн
хэвшлээс өгч буй хандив тусламжийг оруулж,
түүнийг нь Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл нь ашгийн төлөө бус хуулийн
этгээдийн хөгжлийг дэмжих үүднээс ТББ-уудын үйл ажиллагаанд хяналттайгаар
зарцуулж байхаар тусгах гэж байна гэв.
Тодруулга:
ХЗДХЯ-ны мэдээгээр өнөөдрийн байдлаар манай улсад 19.260 ТББ бүртгэлтэй байна.
Үүнээс 8578 нь идэвхтэй ажиллаж, 9107 нь (51 хувь нь) идэвхгүй, 5437 нь үйл ажиллагаа эрхлээгүй, 3340 нь түр
зогсоосон, 277 нь бүрэн зогссон, 63 нь ямар нэг шалтгаанаар алга болсон байна. ТББ-уудын
санхүүжилтийн 67.7 хувийг гадаадаас үзүүлсэн хандив тусламж эзэлж байгаа бол 21.4
хувийг иргэдийн хандив, 3.9 хувийг гишүүдийн татвар, хоёр хувь нь төрөөс үзүүлж
буй дэмжлэг байна.
Б.Болд