Баянхонгор аймаг улсын жишиг амбулаторитой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг 41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторийн барилгатай болжээ.
Ингэснээр тус аймгийн 90 мянга орчим иргэн хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй авах боломж бүрдлээ. Энэхүү барилгыг БНСУ болон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулдаг төрөлжсөн болон тусгай мэргэшлийн төв эмнэлэг, хувийн томоохон эмнэлгээс туршлага судалж орон нутагт анх удаа байгуулсан аж. Одоогоор тус эмнэлгийн барилгыг улсын комисс хүлээж авсан бөгөөд ирэх сарын гуравнаас үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
Хуучин амбулаторийн барилга нь эмийн бус эмчилгээ, поликлиникийн зориулалтай байсан төдийгүй өдөрт 500 орчим хүнд л үйлчлэх хүчин чадалтай, 40 өрөөтэй байсан учир эмчилгээ үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байсан. Харин шинэ амбулатори 88 өрөөтэй бөгөөд хүчин чадал 2 дахин өснө. Мөн зохион байгуулалт эмх цэгцтэй болж иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй үйлчлэх нөхцөл боломж бүрдээд байна. Кабинет бүр мэдээллийн цахим хөтөчтэй, үйлчилгээ хариуцсан тусдаа сувилагчтай байх зэрэг улсдаа жишиг болсон үйлчилгээг нэвтрүүлэхээр зохион байгуулжээ.
Шинэ амбулатори 3400 ам дөрвөлжин метр талбайтай, хонгилын давхартайгаа нийлээд 4 давхар, 200 орчим автомашины зогсоолтой бөгөөд барилгын ажил 2019 онд эхэлжээ. Орон нутгийн хөгжлийн сангаас тавилга, эд хогшил, технологи, гал тогооны тохижилтод зориулж 500 сая төгрөг, гадна тохижилт, автомашины зогсоол, явган хүний зам барихад 280 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ашиглалтад оруулахад бэлэн болжээ.