ГБХНХЯ: Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-08 16:54:34

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шаннон Ковлин болон холбогдох албаны хүмүүстэй өнөөдөр уулзлаа.


Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банк /АХБ/ сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт бодит үр дүнтэй төслийг хэрэгжүүлж буй. Энэ ажлын хүрээнд Азийн хөгжлийн банк болон ГБХНХЯ хоёр талын хамтын ажиллагааны  хэд хэдэн төсөл, хөтөлбөрийн талаар харилцан мэдээлэл солилцлоо. Тухайлбал, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” болон “Ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн хүртээмжтэй үйлчилгээнд анхаарч ажиллаж, үр дүнгээ өгч байгааг тодотгов. Мөн АХБ-ны санхүүжилтээр “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөр тодорхой амжилт гаргаж, бодит үр дүн үзүүлсэнд талархал илэрхийллээ.


ГБХНХ-ын сайд Т.Аубакир хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр залуучуудад богино хугацааны сургалт, дадлага олгох, хөгжлийн бэрхшээлтэй, ажилгүй, бага орлоготой иргэдэд зориулсан гарааны бизнесийн дэмжлэг, сургалтыг өргөжүүлэх, хөдөө орон нутгийн залуусыг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд оролцуулах боломжийг сайжруулах зэрэг саналыг дэвшүүлэв.


АХБ-ны суурин төлөөлөгч Шаннон Ковлин үр дүнтэй төслүүдийг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

 

相关新闻