Анагаахын сургуулийг 280 гаруй оюутан төгслөө

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-05-29 12:14:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/ АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаахын ухааны сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд 11 мэргэжлээр 280 гаруй оюутан суралцан эрүүл мэндийн салбарын боловсон хүчнээр төгсжээ.

Тус сургуулийн 49 дэх удаагийн төгсөгчид болсон энэ залуус эх орныхоо хэрэгцээт газарт хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах энхийн ариун манаанд зогсохоор тангараг өргөн төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, оюунлаг, чадварлаг, хүнлэг сэтгэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн байна гэдгээ төгсөлтийн баярын үеэр илэрхийлсэн юм.

Тэд их эмч, лабораторийн техникч, эм найруулагч, уламжлалт анагаахын сувилагч, уламжлалт анагаахын бага эмч, сувилагч, эх баригч, шаталсан бакалаврын сувилагч, шаталсан бакалаврын эх баригч, туслах сувилагч гэх мэт мэргэжлүүдийг эзэмшсэн  байна. 

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль хагас зууны туршид анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, баруун бүс нутагтаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж буй төрийн өмчийн сургууль гэдгээрээ онцлогтой билээ. Тус сургуулийг байгуулсанаас хойш нийт 7500 оюутан суралцан төгсжээ.