Ц.Энхбат: Төв аймгийг бүх салбарт жигд хөгжүүлэх бодлого барьж ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбаттай 2019 онд тус аймагт хийхээр төлөвлөсөн ажлууд, ИТХ-аас гаргасан бодлого шийдвэр, түүний хэрэгжилтийн талаар уулзаж ярилцлаа.
-
- 2019 оны ИТХ-ын ажлын явц болон хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар товчхон танилцуулна уу
- 2019 оны эхний улиралд Төв аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан болсон. Харин он гарсаар Тэргүүлэгчдийн 6 хуралдаан боллоо.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн XII хуралдаанаар Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилтийн тайланд дүгнэлт өгч, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн гүйцэтгэлийг сонсож, газрын харилцааны талаар өнгөрсөн онд хийсэн ажлын тайланг хэлэлцэн, 2019 онд хийх ажлын чиглэлийг баталж, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон Эрдэнэ сумын хилийн цэсийн асуудлаар санал уламжлах тухай асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргасан.
Хуралдаанаар “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 112 зорилт, 378 арга хэмжээний хэрэгжилтийг сонслоо. Энэ ажлууд аймаг, сумдын түвшинд хэрхэн хэрэгжиж, зохион байгуулж байгаа тухай ажлын явцыг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өглөө. Энэ асуудалд аймгийн ИТХ-ын бодлогын 6 хороод салбар бүрийн асуудлыг хуваарилан авч дүгнэлт гаргаж танилцуулсан.
Аймгийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн салбаруудын цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлсон 27 бодлого, хөтөлбөр боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажилласан юм. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд аймгийн нийт иргэн, аж ахуйн нэгж байгууллагын идэвх санаачилгыг өрнүүлэх зорилгоор 2017 онд “Ажилтай орлоготой иргэн”, 2018 онд “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил”, 2019 онд “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил” болгон зарласан. 2017 онд нийт төлөвлөсөн ажил 94.5 хувь, 2018 онд 94 хувиар тус тус биелсэн байна.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажилд олсон ололт амжилт, үр дүнг цаашид улам бататгаж, хэрэгжилт удаашралтай байгаа болон хэрэгжиж эхлээгүй байгаа ажлуудыг эрчимжүүлэх шаардлага байгаа. Аймгийн ИТХ-ын XII дугаар хуралдаанаас аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн 112 зорилт, 378 арга хэмжээний хэрэгжилтийн явц 86.49 хувийн гүйцэтгэлтэй биелсэн тул "Тодорхой үр дүнд хүрсэн" гэсэн үнэлэлт өгч дүгнэсэн байна.
-Аймгийн хөгжил дэвшлийг түргэтгэх, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ямар ямар ажил хийж байна вэ?
-Аймгийн хөгжлийг хангах, бүтээн байгуулалтын ажилд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд 2017 оноос сум, төсөвт байгууллагуудад “Төслийн баг”-ийг байгуулан ажиллуулсан.
Хөрөнгө оруулалтаар 194 төсөлд 2.3 тэрбум төгрөгийн дэмжлэг авч чадсан юм. 2018 онд ”Хөгжлийн түүчээ-Төв аймаг” хөрөнгө оруулагчдын чуулган зохион байгуулсан. Дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсруулах салбарт 170.0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрээр баталгаажуулан, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн байна.
“Үйлдвэржилт 21:100” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд “ЖДҮ:27” төлөвлөгөөг аймгийн ИТХ-аар батлан, төлөвлөгөөнд тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэхэд тусгай сангуудаас дэмжлэг үзүүлэн, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллаж байна.
Тухайлбал Аргалант суманд мах боловсруулах, Алтанбулаг, Баяндэлгэр суманд мах ангилан савлах, Баянцогт, Эрдэнэ суманд бяслаг үйлдвэрлэх, Сүмбэр суманд гурвалжин будаа цэвэрлэх, савлах, Зуунмод суманд ноосон пальтоны, Эрдэнэ суманд хонины ноосон био бордооны үйлдвэр, бусад суманд талх, нарийн боов, гахайн мах, сүү цагаан идээ, арьс боловсруулах, модон, сүлжмэл эдлэлийн зэрэг 65 үйлдвэр, цех шинээр байгууллаа.
Үүний үр дүнд аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэгцүүлсэн үнээр тооцоход 2016 оныхоос 81.9 хувиар буюу 35.2 тэрбум төгрөгөөр, боловсруулах салбарын үйлдвэрийн хэмжээ 8.1 тэрбум төгрөгт хүрч 80 хувиар буюу 3.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Мөн борлуулалтыг дэмжих зорилгоор үзэсгэлэн худалдаа, яармагийг хэд хэдэн удаа зохион байгуулж, 2017, 2018 онд давхардсан тоогоор 27 сумын 1583 баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгжийг оролцуулжээ. Аж ахуйн нэгж, иргэд үзэсгэлэн худалдаагаар 1375.2 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь иргэд, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн ашиг, орлогыг нэмэгдүүлсэн чухал арга хэмжээ болсон.
-Аймгийн иргэдийн амжиргааг нэмэгдүүлэх, цалин орлогыг өсгөхөд ямар бодлого явуулж байна вэ?
-Иргэдийг ажлын байраар хангах зорилгоор “Ажил олгогч-Ажилгүй иргэдийн уулзалт”-ыг зохион байгуулж, ажил хайж буй иргэдийг ажиллах боловсон хүчин хайж буй аж ахуйн нэгжтэй холбож өглөө. Мөн хөдөлмөрийн бирж, яармаг, явуулын бирж ажиллуулах, ажлын байрны захиалга танилцуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлжээ.
2017-2018 онд тусгай сангуудаас нийт 1290 төсөлд 7131.3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж ажилласнаар байнгын ажлын байраар 2800, түр ажлын байраар 25318 иргэнийг хангаж, орлогыг нь нэмэгдүүлэн амьжиргааны түвшинг дээшлүүлж ажилласан байна. Үүний үр дүнд аймгийн төсвийн орлогын бааз суурь нэмэгдэж, 2018 оны жилийн эцсийн байдлаар 18.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 2016 оноос 4.5 тэрбум төгрөг буюу 31.6 хувиар өссөн дүн мэдээ гарлаа.
-Хөдөө аж ахуйн салбарт ямар ахиц дэвшил гарч байгаа вэ?
-Хөдөө аж ахуйн хүрээнд мал сүргийн үүлдэр угсааг сайжруулж, ардын селекцийн аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан, үржил, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор илүү нугаламт Баянцагаан хонийг “Үүлдэр” болгох судалгааны ажил хийлээ. 3896 толгой өсвөр хээлтүүлэгчийг сайжруулагчаар нийлүүлэн, “Мал солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлж байна.
Үхэр сүргийн мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор тал хээрийн сумдад халимаг, Казахын цагаан толгойт, Сэлэнгэ үүлдэр, Архуст, Баяндэлгэр суманд монбиллъярд, Мөнгөнморьт, Баян, Жаргалант, Сүмбэр, Сэргэлэн суманд симменталь, ангус үүлдрийн үхрийг, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хослуулан хөгжүүлж эхлээд байна. Үүний үр дүнд герефорд, хар тарлан, норманд, алатау, симменталь, лиммузин зэрэг үүлдрийн үхрийг тус тус үржилд ашиглаж зохих үр дүнд хүрч байна.
“Мах, сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлж мах боловсруулах үйлдвэр 2, мал нядалгааны цех 5, мах махан бүтээгдэхүүний цех 5 шинээр ашиглалтад орлоо. Махны 2 үйлдвэрт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, 2017 онд 247.8 тн, 2018 онд 906.5 тн мах бэлтгэж, 500 тн мах экспортолсон нь өмнөх онуудаас хурдацтай өссөн байна.
Үндэсний сүү боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, сүү хөргөлтийн төв 5-ыг шинээр байгуулан 29 болгосноор сүүний үйлдвэрлэл 2017 онд 62.1 сая.литр, 2018 онд 90.0 сая.литрт хүрч 27 хувиар өссөн байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн болон зах зээлийн үнийн тогтвортой өсөлтөөс нийт малчид, мал бүхий иргэдийн орлого 84.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн тоон баримт гарлаа.
Улс, орон нутгийн төсөв, иргэд, малчдын 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017-2018 онд 105 инженерийн хийцтэй худаг гаргаж, бэлчээр усжуулалт 69.7 хувьд хүрч ашиглалтыг сайжруулсан байна.
-Төв аймаг Улсын хэмжээнд газар тариалан эрхлэлтээрээ тэргүүн эгнээнд явдаг. Газар тариалангийн үйлдвэрлэлд ямар шинэлэг ажлууд хийв?
-“Атрын-III" аяныг үргэлжлүүлж аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлогын зорилтыг хангаж сүүлийн 2 жилд 78.0-79.8 мянган га-д үр тариа, 5.7-6.9 мянган га-д төмс, 0.8-1.2 мянган га-д хүнсний ногоо, 7.4-23.4 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан. 2017 онд байгаль цаг уурын тааламжгүй нөхцөлөөс шалтгаалж бага хэмжээний ургац авсан юм. 2018 онд үр тариа 93799 тн, хүнсний ногоо 11651.1 тн, төмс 81614.6 тн, малын тэжээл 63881.9 тн-ыг тус тус хураан авлаа.
Төмс, тэжээлийн ургамлын ургацаар улсдаа тэргүүн байр эзэлсэн амжилт гаргажээ. Зохих тооцоо, судалгааг хийж удирдах дээд байгууллагад хүргүүлснээр Засгийн газрын тогтоолоор аймгийн 13 сумын 1543,3 мянган га талбайг хамарсан тариалангийн бүс нутаг тогтоогдоод байна.
-Хөгжил замаас эхэлдэг гэсэн яриа байдаг. Төв аймаг дэд бүтцээ хөгжүүлэхэд ямар бодлого баримталж байна?
-Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2017-2018 онд нийт 8194.0 сая төгрөгөөр 8.7 км авто замыг барьж ашиглалтад оруулсан. Баянхангай-Угтаалцайдам, Цээл, Заамар, Аргалант, Мөнгөнморьт чиглэлийн 231.6 км авто замын зураг төсөл боловсруулсан байна.
Баянцогт, Алтанбулаг, Батсүмбэр, Баянчандмань, Зуунмод сумын шинэ суурьшлын бүсийн айл өрхүүдийг улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангажээ. Аймгийн хөрөнгө оруулалтаар Зуунмод сумын шинэ суурьшлын хотхоны 76 өрхийг төвлөрсөн халаалт, шугам сүлжээнд холбоод байна. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2017 онд Алтанбулаг сумын төв, 2018 онд Баян сумын төвийг халаалтын системд холбосноор 17 сум, 2 багийн төв төвлөрсөн халаалттай болсон.
Орон нутгийн барилгачдыг дэмжиж ажилласнаар 2017-2018 онд 58 ажлын тендерийн 56.9 хувь буюу 33 тендерт нь аймгийн харьяат 19 аж ахуйн нэгж шалгарч 9.2 тэрбум төгрөгийн гэрээт ажил гүйцэтгэсэн байна.
Аймгийн хэмжээнд 2017-2018 онд 172 айлын 7 орон сууцны барилга ашиглалтад орсны зэрэгцээ түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж 446.2 м.кв талбай бүхий 12 айлын орон сууцны сан бүрдүүллээ. Үүний үрээр зорилтот бүлгийн болон төрийн албан хаагчийн 12 өрхийг орон сууцаар хангасан байна.
-Боловсролын салбарт хийж буй оюуны хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, бүтээн байгуулалтын ажлынхаа талаар дурдана уу?
-Улс, орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалтаар 2017-2018 онд 99.7 тэрбум төгрөг зарцуулан сургуулийн 1, цэцэрлэгийн 4, дотуур байрны 4, Эрүүл мэндийн төвийн 1, соёл спортын төвийн 6, төрийн захиргааны байгууллагын 1, багийн төв 3, нийт 20 барилгыг шинээр барьж, 5 сургууль, 3 цэцэрлэг, 2 дотуур байр, 3 эрүүл мэндийн төв, 6 соёлын төвийн барилгын их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Ойн нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлж 2016-2018 онд 605 га талбайд хийж, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр давхардсан тоогоор 513 байгууллага, аж ахуй нэгж, 9611 иргэн 96.3 мянган ширхэг мод, бут сөөг тарьж, үүнд 106.9 сая төгрөг зарцуулжээ.
Боловсролын салбарт 2017-2018 онд улс, орон нутгийн төсөв, хөтөлбөр төслийн 11.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж, 17 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилга барих, засварлах, өргөтгөх арга хэмжээ авснаар хүүхдийн сурч, хүмүүжих нөхцөл бололцоог өргөтгөн сайжруулсан байна.
Аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн 42, хувийн хэвшлийн болон байгууллагын 8 цэцэрлэгт нийт 5665 хүүхэд, хувилбарт сургалтад 1651 хүүхэд хамрагджээ. СӨБ-ын хамран сургалт 83.58 хувьд хүрч зорилтот түвшнээс 1.9 пунктээр, төрийн өмчийн 30, хувийн өмчийн 1 сургуульд нийтдээ 15256 сурагч суралцаж байна. Бага боловсролын хамран сургалтын цэвэр жин 88.7 хувьд хүрсэн нь зорилтот түвшнээс 2 пункт, суурь боловсролын хамран сургалтын цэвэр жин 88.45 хувьд хүрч зорилтот түвшнээс 8.45 пунктээр тус тус ахисан байна.
“Хичээл, судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье” I, II аяныг зохион байгуулснаар улсын шалгалтын гүйцэтгэл өмнөх жилээс 0.75 пунктээр, сургалтын чанар 2.3 пунктээр тус тус ахижээ. Улсын төрөлжсөн олимпиадаас 8 алт, 3 мөнгө, 4 хүрэл нийт 15 медаль авсан байна. Аймгийн Засаг даргын ивээл дор “Математикч сургууль, хамт олон” олимпиадыг 2017 онд Зуунмод суманд, 2018 онд Эрдэнэ суманд зохион байгуулжээ.
Аймгийн хэмжээнд спортын төрөлжсөн сургалттай ангид 71 сурагч суралцаж байгаа бөгөөд 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Зуунмод суманд 640 хүүхдийн хүчин чадал бүхий спортын төрөлжсөн сургалттай дунд сургуулийн барилга барих асуудлыг шийдвэрлүүлсэн байна.
Аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 төвд 2017-2018 оны хичээлийн жилд 32 мэргэжлээр 1358 оюутан суралцаж, 657 суралцагч төгссөний 64 хувь нь ажлын байраар хангагджээ.
Орон нутгийн хөгжлийн сан, нийгмийн түншлэлийн хөрөнгөөр соёлын төвүүдэд 219.7 сая төгрөгийн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийсний зэрэгцээ улсын төсвийн 4946.3 сая төгрөгийн хөрөнгөөр Баяндэлгэр, Мөнгөнморьт суманд Соёл спортын төв, Дэлгэрхаан суманд 250 суудал бүхий соёлын төвийн шинэ барилга барьж байна.
Нийтийн биеийн тамир, их спортыг хөгжүүлэх зорилгоор орон нутгийн 564.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үндэсний сурын талбай, шагайн асар, Эрдэнэсант, Аргалант суманд соёл спортын төв ашиглалтад оруулсан бөгөөд Алтанбулаг, Баянцогт сумын спорт заалны барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
-Эрүүл мэндийн салбарт хийсэн хөрөнгө оруулалт, авч хэрэгжүүлж буй ажлын талаар?
-Эрүүл мэндийн салбарт 2017-2018 онд улс, орон нутгийн төсөв, хөтөлбөр төслөөр нийт 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. “Нүүдлийн амбулатори”-ийг 27 суманд ажиллуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт давхардсан тоогоор 41657 хүн хамрагдсан байна. Өрхийн эрүүл мэндийн төв болон багийн эмч нарыг 62 мотоциклиор, 17 сумын Эрүүл мэндийн төв, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 21 автомашины парк шинэчлэл хийв. Нийт сумын 70 хувийг авто машинаар хангасан байна. Ийнхүү эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлж ажилласан олон талт арга хэмжээний үр дүнд эхийн эндэгдэлгүй ажиллаж, халдварт өвчний тохиолдлыг бууруулан, эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтүүдэд ахиц гарсан байна.
-Төв аймгийн ЗДТГ, ИТХ-ын ажлын уялдаа болон залгамж чанарын хэлхээ холбоо ямар түвшинд байна гэж та үзэж байгаа вэ?
-Төрийн бодлогын залгамж чанар, байгууллага хоорондын уялдааг сайжруулж, өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай, хуулийг дээдэлсэн, авлигаас ангид төрийн албыг төлөвшүүлэн ажиллаж байна. Засаг захиргааны анхан шатны нэгж багийн чадамжийг нэмэгдүүлж төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа. “Баг-97” төслийг батлан хэрэгжүүлж хөдөөгийн багийн дарга нарын унааны хангамжийг шат дараатай шийдвэрлэн, багуудаас давхардсан тоогоор 2017 онд 17340, 2018 онд 21356 хүнд төрийн үйлчилгээ үзүүлсэн байна.
Улсын төсвийн 512 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Батсүмбэр сумын Үдлэг, Зуунмод сумын Ланс багийн барилгыг барьж ашиглалтад орууллаа.
Төрийн албаны сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх зорилгоор 2017 оныг “Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулах”, 2018 оныг “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх” жил болгон зарласан юм. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан “Төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлж, “Төрийн албаны удирдах ажилтны ёс зүй-манлайлал”, “Үйлчилгээний чанар, шинэчлэл-2018” зөвлөгөөн хийж, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
“Төрийн албан хаагчдын урлаг, спортын анхдугаар их наадам”-ыг зохион байгуулж, төрийн албан хаагчдын ажлын үр дүн, бүтээлч үйл ажиллагаа, хариуцлага, ёс зүйг дээшүүлж, хамтын ажиллагааг нягтруулж ажилласан байна.
Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж 2016-2018 онд харилцаат мужууд болон өөрийн аймагт зохион байгуулсан олон улсын чанартай 61 арга хэмжээнд нийт 1062 хүн хамруулжээ. Харилцаат мужуудаас эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, техник туслалцаа авах, төрийн албан хаагч, иргэд, хүүхэд залуучуудын чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийт 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг сахиулах чиглэлээр 102 удаагийн уулзалт, зөвлөгөөн, аян, нэгдсэн арга хэмжээ, хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Эдгээр арга хэмжээнд 15.6 мянган хүн хамруулж, 48.0 сая төгрөгийн хөрөнгө зарцуулжээ. Аймаг, орон нутгийн онцлог, эрүүгийн нөхцөл байдалдаа тулгуурлан Цагдаагийн газарт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх нэгж, орон зайн бүсчлэлээр үйл ажиллагаа явуулах цагдаагийн хэсгүүд байгуулан ажилууллаа. Тухайлсан төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлгэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх аянг зохион байгуулах зэргээр цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажилласан байна. 237.0 сая төгрөгийн автомашин, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлж ажилласнаар гэмт хэргийг 2016 оны суурь түвшнөөс 33 нэгжээр буюу 4.06 хувиар бууруулсан байна.
-Төв аймаг “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г аймгийн хэмжээнд хэлэлцүүлэн энэ онд баталсан. Энэ төлөвлөгөөний ач холбогдол, үр дүнг та яаж харж байгаа вэ?
-“Төв аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа. Энэ асуудалд аймгийн ИТХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо ажиллаж дүгнэлтээ хуралдаанд танилцуулж ажилласан юм.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулах ажлыг аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсөвт тусган, гүйцэтгэгчээр хууль тогтоомжийн дагуу “Лапланд эко” ХХК-ийг шалгаруулж, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ЗТ-03\18 дугаар бүхий гэрээ байгуулан ажилласан.
“Лапланд эко” ХХК гэрээний дагуу уг ажлыг гүйцэтгэж “Төв аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг боловсруулсан юм. Уг төлөвлөгөөг боловсруулахдаа аймгийн хэмжээний байгаль газар зүйн нөхцөл, нөөц, түүний экологи-эдийн засгийн чадавхийг үнэлсэний үндсэн дээр газрыг оновчтой, зөв зохистой, үр ашигтай эзэмших, ашиглах, хамгаалах, үр өгөөжийг нь сайжруулах тал дээр шинжлэх ухааны үндэслэлтэй нэлээд тооцоо судалгаатай ажилласан гэж бид үздэг. Үүний үр дүнд тэргүүлэх чиглэлийг тодорхойлон хэрэгжүүлэх арга хэмжээний менежментийг төлөвлөж, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна.
Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг "Газрын тухай" болон холбогдох бусад хууль, тогтоомж, аргачлал заавар, “Хөгжлийн түүчээ–Төв аймаг–2024” аймгийн хөгжлийн хэтийн зорилт болон салбарын хөгжлийн дэд хөтөлбөрүүд, холбогдох судалгаа, мэдээ материалуудыг ашиглан боловсруулсан юм.
Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг хийж, анхны төслийг аймгийн Засаг даргын Зөвлөл, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, тэдгээрээс гарсан саналуудыг судлан үзэж төсөлд тусгасан.
Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдэл нь бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын байдал, тэдгээрээс байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг тодорхойлсонд ач холбогдолтой байгаа юм.
Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн байдлыг тодорхойлох, усны эх үүсвэр, гол мөрөн, булаг шандыг хамгаалах, бэлчээр усжуулах, нөхөн сэргээх, бэлчээрийн менежментийг сайжруулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, зам харилцаа, дэд бүтэц, хот суурин газрын ашиглалт, түүний хэтийн төлөв, ойн болон усны сан бүхий газрын ашиглалт хамгаалалт зэрэг асуудлуудын нөхцөл байдлыг судлан тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон төлөвлөж, холбогдох тооцоо судалгааг гаргахад чиглэгдсэн байна.
Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд газрын нэгдмэл сангийн ангилал тус бүрээр газрын экологи-эдийн засгийн чадавхийг үнэлж, өмчлөл, эзэмшил, ашиглалтын өнөөгийн байдал, цаашид оновчтой, үр ашигтай, зохистой ашиглах нөхцөл бололцоо, арга замыг тодорхойлсон юм. Энэ нь манай аймаг газрын харилцааны талаар баримтлах бодлого, хийх ажлыг төлөвлөх, сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах үндэслэл болох юм.
Мөн аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж мөрдлөг болгохын тулд төлөвлөгөөний мэдээлэл, тоон үзүүлэлтүүд шинэлэг байгаа учраас ойрын 2 жилд багтаан “Сумдын нутаг дэвсгэрийн төлөвлөгөө”-г боловсруулан батлуулж мөрдлөг болгох нь чухал ач холбогдолтой хэмээн бид үнэлж байгаа болно.
Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг аймгийн хэмжээнд мөрдөн ажиллахын тулд хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Хөрөнгийн асуудал шийдэгдсэн үед газрын ерөнхий төлөвлөгөөний бүрдэл материалуудыг багтаасан ном хэвлүүлж сум, байгууллагуудад түгээхээр ажиллаж байна.
-Аймгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаар ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилтыг хүсэн ерөөе!