"Тогтвортой амьжиргаа-3" төслийг хэрэгжүүлэх сургалт өнөөдөр эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймаг 2019 оныг "Бүтээн байгуулалт-хөрөнгө оруулалт"-ын жил болгон зарласантай холбогдуулан "Тогтвортой амьжиргаа-3" төслийг Сангийн яам, Дэлхийн банктай хамтран "Орон нутгийн хөгжлийн санг зөв зохистой төлөвлөх" төсөл, арга хэмжээгээр өнөөдөр БСУГ-ын сургалтын танхимд эхлүүллээ.
Энэ удаагийн сургалт, арга хэмжээнд Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөн морьт, Борнуур сумын Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, багийн ИТХ-ын төлөөлөл, ХАА-н мэргэжилтэн зэрэг нэг сумаас 10 орчим хүн оролцож байна. Сургалтын зорилго нь сум орон нутгийн хөгжлийн санг зөв зохистой удирдахад чиглэж байгаа тул сум, багийн удирдах албан тушаалтнууд оролцож байгаа гэв.
Энэ сургалт Төв аймгийн үлдсэн сумдыг дэс дараатай хамруулан энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ гэж "Тогтвортой амьжиргаа" төслийн дарга Ц.Буманбуян мэдээллээ.
"Тогтвортой амьжиргаа-1" төслийг аймаг орон нутагт туршилтын журмаар явуулж өндөрлөсөн бол "Тогтвортой амьжиргаа-2" төсөл үндэсний хэмжээнд хэрэгжсэн юм байна. Харин "Тогтвортой амьжиргаа-3" төслийн өмнөх хоёр төслөөс ялгарах зүйл нь уг төслийг тухайн орон нутгийн удирдах түвшиний албан тушаалтнууд төлөвлөн, удирдан хэрэгжүүлэх гэж байгаагаараа онцлогтой гэнэ.