Бөхийн өргөөнд энэ сард 4 барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ гуравдугаар сард Бөхийн өргөөнд үндэсний бөхийн дөрвөн барилдаантай бөгөөд Казах түмний уламжлалт Наурызын баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан 16-нд болно.
Дараа нь буюу энэ сарын 17-нд Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болох юм. Харин энэ сарын 23-нд “Увс нуур” бөхийн галаас санаачлан зохион байгуулдаг, Увс аймгийн улсын цолтой 256 бөхийн ээлжит барилдаан болно. Тус барилдааныг Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын начин Б.Эрдэнэбилэгийн нэрэмжит болгох юм. Энэхүү барилдааны маргааш нь сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно.