Засгийн газрын нэгдсэн зөвлөлгөөн Архангай аймагт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙМонгол Улсын Засгийн газрын яам, тамгын газар, гишүүд, газар болон 21 аймгийн удирдлагуудын нэгдсэн уулзалт зөвлөлгөөн дөрөвдүгээр сарын эхээр Архангай аймагт зохион байгуулагдахаар товлогджээ.
Уг арга хэмжээнд мөн УИХ-ын зарим гишүүд оролцох аж. Үүнтэй холбогдуулан Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн нар нийт аж ахуй нэгж, төрийн байгууллагын удирдлагатайгаа зөвлөлгөөн угтсан үйл ажиллагааны анхны хурлыг хийжээ.
"Монголын Асем" хэмээн нэрлэгдэж эхлээд буй уг арга хэмжээнд бэлтгэх, зохион байгуулалтын ажлын хэсгийн баг гарсан байна.
Ерөнхий сайд Архангайд уг уулзалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь сүүлийн гурван жилд хийж бүтээсэн ажлын гүйцэтгэлүүд, түүний үр дүн, боловсрол, эрүүл мэнд хийгээд нийгмийн бүхий л салбарт урагшилж буй амжилтуудтай салшгүй холбоотой хэмээн аймгийн удирдлагууд тайлбарлаж байна.
Архангайгаас эхлэлтэй, туршлага авахаар олон шинэлэг, үр дүнтэй ажлуудыг бусад аймгийн удирдлага, хэлтэс агентлагууд биечлэн ирж судлах учир байгууллага аж ахуй нэгжүүд дор бүрнээ бэлтгэлтэй, хариуцлагатай байхыг сануулжээ.
Үйлчилгээний байгууллагууд, тэр дундаа зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний соёл, хүртээмжийг өндөржүүлж, цаашдаа энэ байдлаа хадгалж Цэцэрлэг хотын соёлд төлөвшихийг удирдлагууд уриалсан байна.
Архангай аймаг Л.Булган