АРХАНГАЙ: 103 оюутанд аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь АШУҮИС-ийн харьяа Хангайн бүсийн сувилахуйн сургуульд Архангай аймгаас элсэн суралцаж буй оюутнуудад аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгох гэрээг есдүгээр сарын 30-нд байгууллаа.
Учир нь Архангай аймагт тус сургуулийг хуучин эмнэлгийн байгууламжийг ашиглан Сувилахуйн сургууль байгуулж, анхны элсэлтээ авсан бөгөөд аймгаасаа элсэн орсон оюутны төлбөрийн 50 хувийг хөнгөлж байгаа юм.
Хангайн бүсийн сувилахуйн сургуульд нийт 125 оюутан элсэн орсон бөгөөд үүний 103 нь Архангай аймгийн оюутан залуус байна.
Орон нутагт шаардлагатай эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, АШУҮИС-ийн харьяа сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолборыг хөгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн санхүүжилтээр 103 оюутанд ийнхүү тэтгэлэг олголоо.
Эдгээр оюутнуудтай гэрээ
байгуулснаар 2028 оноос эхлэн эхний төгсөлтийн оюутнууд орон нутагтаа ажиллах
юм.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 275 сувилагч, тусгай мэргэжилтэн дутагдалтай байна.