АРХАНГАЙ: Эрсдэлийн харилцаа холбооны багийг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-29 15:19:52

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. “Халдварт болон ЗООНОЗ өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх” буюу EpiC төсөл Хангайн бүсийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт хэрэгжиж байна. Төслийн зорилго нь хүний нөөцийг чадавхжуулах, эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэх юм.


Аймаг бүрд Засаг даргын захирамжаар Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эрсдлийн харилцаа холбооны багийг бүрдүүлсэн. Архангай аймгийн энэхүү багийг чадавхжуулах сургалт хоёр өдөр үргэлжиллээ.


Сургалтаар эрсдэлийн үед салбар хооронд хэрхэн хамтран ажиллах, мэдээллийг иргэдэд яаж хүртээмжтэй түгээх, эрсдлийн харилцаа холбооны бэлэн байдлын үнэлгээ зэрэг мэдлэгийг олгосон юм. Сургалтыг ДЗМОУБ-ын зөвлөх, анагаах ухааны доктор, профессор Б.Сувд, EpiC төслийн зөвлөх Ш.Энхтүвшин, ДЗМОУБ-ын зохицуулагч Г.Жаргалбат нар чиглүүллээ. Дараагийн шатны сургалт бүсийн болон улсын хэмжээний багийн бүрэлдэхүүнийг хамруулан Архангай аймагт болохоор товлогджээ.

 

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй EpiC төслийг олон улсын FHI360 байгууллага 2025 оныг дуустал хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төсөл эрүүл мэндийн тогтолцоо сул байгаа улс орнуудад хэрэгждэг байна. Монгол Улс мал, амьтнаас гаралтай шинэ ба сэргэн тархаж байгаа өвчний эрсдэлтэйд тооцогддог. Тэр дундаа Хангайн бүсийн хувьд хүн, малын суурьшил өндөр, ялангуяа Архангай аймаг ЗООНОЗ өвчний эрсдэлтэй нутаг дэвсгэр юм.

 

Ковид цар тахлын дараа ДЭМБ-аас хөндлөнгийн үнэлгээ хийхэд Монгол Улсад эрсдэлийн харилцаа холбоо сул байсан гэж дүгнэгджээ. Эрсдэлийн мэдээлэл харилцаа гэдэг нь хүмүүс өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах шийдвэрийг үнэн зөв мэдээлэл дээр үндэслэн гаргах боломжийг бий болгодог, зөв шийдвэр гаргахад нөлөөлөх үйл явц юм хэмээн Архангайн амьдрал сонины сэтгүүлч О.Амарзаяа мэдээллээ.

相关新闻