Тэжээлийг 50 хувийн хямдралтай зарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн хэмжээнд цагаан зудтай нэг сум байгаа нь Тэшиг сум байна. Өнөөдрийн байдлаар тус суманд цасны зузаан 23–25 см. Харин Сайхан, Баян–Агт, Могод, Бүрэгхангай, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг сумд зудархуу байгааг аймгийн онцгой комиссын хуралдааны үеэр мэдээллээ.
Засгийн газрын тогтоолын дагуу, Аймгийн онцгой комиссын гурван удаагийн хурлаар нийт 580,9 тонн өвс, 329 тонн тэжээлийг аймгийн нөөц, улсын нөөцөөс малчдад үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэр гарсан. Өнөөдөр гурав дахь ээлжийн цуваа сумдын зүг хөдөлж байна. Тэд малчдад өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувийн хямдралтай буюу 5500 төгрөгөөр худалдан борлуулах боллоо. Нийт Булган аймгийн 10 сумдад тусламжийн цуваа хөдөлсөн бөгөөд энэхүү ажлын тээврийн зардал, бусад ажилд 14 сая төгрөгийг төсөвлөжээ.
Тэд зөвхөн өвс тэжээл тараагад зогсохгүй сумдын сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг зэрэг бусад газруудаар үзлэг шалгалт хийж, зөвлөгөө өгөх, санал бодлоо солилцох юм байна.
П.Батням