Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, төв комиссыг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОНГУУЛЬ 2024
b.tuul@montsame.gov.mn
2024-04-16 16:55:10

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооны энэ сарын 15, 16-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог ИТХ-аас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулав.


Мөн гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Төв комиссын даргаар Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Д.Амарсайхан, нарийн бичгийн даргаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын зөвлөх Ш.Цэнд-Аюуш, бүрэлдэхүүнд нь Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд ажиллах юм.


Түүнчлэн сонгуульд сонгогчдын сонгох эрхийг хангах, санал авах, тоолох үйл ажиллагааг иргэдэд хүндрэл үүсгэхгүйгээр зохион байгуулах шаардлагыг харгалзан сонгуулийн хэсэг нэгтгэх, шинээр байгуулах хүсэлтийг хэлэлцэж, хүсэлт гаргасан сум, дүүргийн ИТХ-д зөвшөөрөл олгосон байна. Сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцаж аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг баталсан аж.


Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Мэдээллийн технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Холбоотой мэдээ