ӨВӨРХАНГАЙ: Төвийн бүсийн физикийн анхдугаар олимпиадад 200 гаруй багш, сурагч өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-25 07:36:53

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн физикийн анхдугаар олимпиадыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Төмөрхүү агсны нэрэмжит болгож, Арвайхээр хотод зохион байгууллаа.


Олимпиадад Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгийн 8-12 дугаар ангийн 200 орчим сурагч, 40 гаруй багш оролцож, физикийн шинжлэх ухаанаар өрсөлдсөн юм.


Улсын физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат хэлэхдээ, “Физикийн хичээлээр голлосон хүүхдүүд хүмүүнлэг, анги хамт олондоо тусалдаг, ийм эерэг нөлөө бий. Тийм ч учраас гадны улс орнууд физикийн сургалтдаа илүү ач холбогдол өгдөг. Технологи, инженер, урлаг, математик гэсэн олон шинжлэх ухааны төвд нь физик байдаг онцлогтой” гэлээ.


“Зам тээврийн сайд асан, “Гэгээн хангай” ТББ-ыг үүсгэн байгуулагч Н.Төмөрхүү нь Арвайхээр хотын хүүхэд, залуучууд руу чиглэсэн олон ажлыг хийсэн. Ялангуяа сургууль, цэцэрлэгт маш их хөрөнгө оруулалт хийж байсан учраас энэ хүнийг сурталчлан таниулах зорилгоор шинжлэх ухааны ололт амжилтын түүчээ болсон физикийн олимпиадаар үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаадаа талархалтай байна” хэмээн Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат хэлэв. 



Тус олимпиадыг Н.Төмөрбат агсны гэгээн дурсгалыг мөнхлөх, төвийн бүсийн багш, сурагчдын физикийн шинжлэх ухааны мэдлэг чадварыг дээшлүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор аймгийн БШУГ, Арвайхээр сумын ЗДТГ, Улсын физикийн олимпиадын хороо, “Гэгээн хангай” клуб хамтран зохион байгууллаа. 


Физикийн 35 дахь удаагийн улсын олимпиад 4 дүгээр сарын 10-нд Хөвсгөл аймагт болно. Дээрх олимпиадад шалгарсан багш, сурагчид улсын олимпиадад оролцох эрхтэй болох юм. 

Холбоотой мэдээ