Б.Энх-Очир: Монгол бичиг бол бидний монгол хүн болохыг батлах баталгаа, тамга тэмдэг юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-11 19:41:09

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, Насан туршийн боловсролын төвөөс санаачлан “Хүмүүн бичигтэн” аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж байна. Аянд төрийн байгууллагууд идэвхтэй оролцож, алба хаагчдынхаа үндэсний бичгийн мэдлэг, чадварыг сайжруулж байгаа юм.

Албан хаагчдад хичээл зааж байгаа багш нарын нэг болох Монгол Улсын Тэргүүлэх зэрэгтэй, монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш Б.Энх-Очиртой ярилцлаа.


-Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Б.Энх-Очир гэдэг. Би монгол хэл, уран зохиолын багшаар 14 жил ажиллаж байна. Баруунбаян-Улаан сумаас ажлын гараагаа эхлүүлж, одоо улсын тэргүүний лаборатори Мэргэд сургуульд ес дэх жилдээ ажиллаж байна. Анх 7 дугаар анги дааж аваад 12 дугаар анги төгсгөсөн, одоо 8 дугаар ангитай.


-Дааж авсан ангиудаараа “Хүмүүн бичиг” сониныг захиалуулах, энэ сониныг сургалтынхаа хэрэглэгдэхүүн болгох тал дээр санаачилгатай ажилладаг шүү дээ. Нийт хэдэн жил захиалж байна вэ?

-Дааж авсан бүх ангиараа “Хүмүүн бичиг” сониныг захиалуулж, хичээл сургалтдаа ашиглаж ирсэн. Баруунбаян-Улаан суманд хоёр ангийг, Мэргэд сургуульд анхны ангиа хоёр удаа шилдэг захиалагч болгож, “Хүмүүн бичигтэн хамт олон” буланд нийтлүүлж байсан. Би өөрөө энэ сониныг тасралтгүй 17 жил захиалж байна.

Сонины эвхмэл, таталган, хичээнгүй бичгийн буланд хүүхдүүдийг түлхүү ажиллуулж, бас уншлага хийлгэдэг. Сониноо үзүүлэн болгоод самбарт хадсан. Ер нь “Хүмүүн бичиг” сонин бол миний гарын авлага юм. Бүх мэдээллийг нь ашигладаг. 


-Сүүлийн үед албан байгууллагуудад сургалт явуулж байна уу. Ямар арга барилаар  ажиллаж байна вэ?

-Энэ жил аймгийн хэмжээнд үндэсний бичгийг сурах санаачилга, хандлага эрс нэмэгдэж байна. Ялангуяа, аймгаас “Хүмүүн бичигтэн” аян өрнүүлсэнтэй холбоотойгоор байгууллага, хамт олноороо сургалт авах хүсэлт их байгаа. Миний хувьд аймгийн Зооноз, өвчин судлалын төв, Арвайхээр сумын ЗДТГ-ын хамт олонд сургалт явуулаад дууссан. Одоо Цаг уур, орчны шинжилгээний албанд үргэлжлүүлэн зааж байна. 

Би сургалт явуулахаас өмнө эхлээд сорил авдаг. Тэгэхэд 10 хүний 3-4 нь анхан шатны мэдлэгтэй байна. Хангалттай сайн уншиж, бичдэг хүмүүс ч мэр сэр байна.

Хэлний бодлогын зөвлөлөөс Уншлагын сурах бичиг, бичихэд зориулсан “Хичээнгүй бичиг” гэх хоёр хэрэглэгдэхүүнийг баталж өгсөн. Энэ хэрэглэгдэхүүнийг ашиглаад аймгийн Засаг даргаас баталж өгсөн 24 цагийн сургалтыг явуулдаг. Албан хаагчдыг бүрэн бүрэлдэхүүнээрээ идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх үүднээс “Хичээнгүй бичгийн аварга” шалгаруулна гээд эхэнд нь хэлчихдэг юм. Уншлагыг сугалаагаар явуулж, минутад 30-аас дээш үг уншвал “Сургалтад хамрагдсан” батламж гэрчилгээг гардуулж байна.


-Жилийн дараа төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэлнэ. Тэгэхээр төрийн албан хаагчид бэлэн гэж хэлж болох уу?

-Ер нь нийтээрээ л суръя гэсэн чиг хандлагатай байна. 100 хувь биш ч 70 орчим хувь нь дунд шатны түвшинд ойлгоод явах болов уу. Сурагчдын хувьд бол 6-12 дугаар анги хүртэл монгол бичиг үздэг болохоор харьцангүй сайн гэж хэлж болно. Харин “Хүмүүн бичигтэн” аяны хугацааг сунгавал төрийн албан хаагчдын сурах, унших, бичих чадвар нэлээн дээшлэх, идэвх оролцоо нь ч нэмэгдэх хандлагатай байгаа. Яагаад гэхээр монгол хэл, бичгийн багш нарын хүрэлцээ тааруу байгаа болохоор зуны амралтын хугацааг ашиглавал илүү үр дүн гарна.


Нөгөө талаар цахим орчинд монгол бичгийн бүлгэмүүд их болсон нь хүмүүсийн унших, бичих чадварт сайн нөлөө үзүүлж байна. Хамгийн гол нь өөрсдөө мэрийх хэрэгтэй. “За яваандаа сурна даа” гэх юм бол сурахгүй. Зарим хүмүүс монгол бичгийн үсэг үгийн эхэнд, дунд, адагт гурван хэлбэрээр ордог гэхээр л шантарчихдаг юм. Уг нь өдөрт өөртөө 30 минут зарцуулаад хичээллээд байх юм бол монгол бичиг сурахад их амархан. Сэтгэл л гаргах хэрэгтэй гэж би боддог.  


-Үндэсний бичгийн өв соёлын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Үндэсний бичиг бол бидний цусанд шингэсэн өв соёл юм. Өвөг дээдэс маань хэдэн зуун дамжуулан өвлүүлж ирсэн үнэт өв, дэлхийд ганцхан босоо бичиг учраас заавал сурч, хөгжүүлж, дэлгэрүүлэх ёстой гэж үздэг. Тэр ч утгаараа би энэ өв соёлыг түүчээлэн заахдаа дуртай байдаг юм. 


-Монгол бичиг хэлбэр, загварын хувьд олон төрөл. Өөрөө аль төрлийг илүү сонирхож судалдаг вэ?

-Бүх төрлөөр нь бичнэ. Эвхмэл, таталган, угалзан тигээр бичих сонирхолтой, мөн бийрээр бичиж сурсан. Одоо хулсан үзгээр бичиж сурч байна.


-Шавь нарынхаа амжилтаас дурдвал?

-Дэлхийн монголчуудын холбооноос зарладаг “Миний мэдэх өмнөд Монгол” эсээ бичлэгийн 2023 оны уралдаанд 11 дүгээр ангийн сурагч н.Тайванжаргал маань тусгай байр эзэлсэн. “Монголын сайхан бичигтэн”, “Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч” улсын уралдаанд жил бүр шавь нараа бэлдэж оролцуулдаг. Эхний байрт шалгараагүй ч тогтмол амжилт үзүүлж, дээгүүр байрт шалгардаг.



-Аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэхтэй холбогдуулан ямар ажил хэрэгжүүлж байна?

-Хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар аргазүйч Э.Батаа багш ажилладаг. Миний хувьд тус зөвлөлийн гишүүн. Салбар зөвлөлөөс Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй холбогдоод төрийн албан хаагчдын цахимаар бичих чадварыг сайжруулах зорилгоор хоёр удаагийн сургалт авсан. Мөн архивын бичиг хэргийн ажилтнуудад албан хэргийн сургалт хийсэн. Сая сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт цахим бичгийн сургалт хийлээ. Соёлын байгуулагуудтай хамтраад үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.


-Бүх нийтийг монгол бичигт сургах ажилд тулгамдсан асуудал гарч байна уу?

-Сурагч хүүхдүүд үндэсний бичиг үсгийг сурах сонирхолгүйгээс болоод хоцрогдох, хайхрамжгүй хандах тохиолдол байна. Зарим эцэг, эхчүүд үндэсний бичгийн мэдлэг сул, үнэ цэнийг нь ойлгоогүйгээс хүүхдүүддээ зааж хамтарч ажилладаггүй. Зарим үед хүүхдэдээ “Хүмүүн бичиг” сониныг захиалж өгөхөөс татгалздаг. Энэ үедээ “Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор хоол, хүнснээс бусад зүйлд мөнгө зарцуулах боломжгүй” гэж хэлдэг л дээ.



-Мэргэжлийнхээ хүрээнд  монгол бичгийг сурталчлах чиглэлээр ямар ажил санаачилж байна вэ?

-Би анх ажилд орсон үеэс эхлээд “Бярга” монгол бичгийн клубийг байгуулж, аймгийн хэмжээнд бүтээлийн уралдаан зохион байгуулж ирсэн. Насанд хүрэгч, хүүхэд гэх хоёр ангиллаар дөрвөн жил дараалан зохион байгуулсан. Одоо клубээ түшиглэн хүүхдүүдийг хөгжүүлэх үүднээс бийрэн болон хулсан үзгийн бичвэрийн сургалт явуулж байна.


-Танай охин үндэсний бичгээр амжилттай сайн суралцдаг гэж сонссон.

-Охин маань нэгдүгээр ангид байхаасаа л миний хичээлийн үеэр хүүхдүүдийн ард сууж байгаад үсгүүдийг нүдэлчихсэн байсан. Монгол бичиг сурах их сонирхолтой. Хоёрдугаар ангидаа “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд материал явуулаад тусгай байрт шалгарсан. Энэ өвөл аймагт болсон уралдаанд хоёрдугаар байрт шалгарсан. Одоо 6 дугаар ангид сурдаг. Надтай зэрэгцээд л уралдаан, тэмцээнд ордог.


-Хүүхэд бүр англи хэл л сурах хүсэл эрмэлзлэлтэй байдаг шүү дээ.

-Миний хувьд англи хэл сурахаас илүү чухал зүйл бол монгол бичиг. Англи хэл бол бидний хэрэглээ. Харин монгол бичиг бол бидний монгол хүн болохыг батлах баталгаа, тамга тэмдэг юм. Хос бичигтэй болох нь монгол бичиг сурах нэг арга шүү дээ. “Хос бичигтэн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж бүтэн арван жил ярьж, бэлтгэл хийсэн. Одоо дахин хойшлуулж болохгүй. Хүмүүсийг идэвхтэй, эрчимтэй сурч байгаа үед нь хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй гэж би хувьдаа бодож байгаа.


-Баярлалаа. Үндэснийхээ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хүчин зүтгэж яваа ажилд нь амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ