Сүүлийн жилүүдэд Архангай аймгийн хэмжээнд газрын доорх усны хайгуул судалгааны ажлыг хийгээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-22 13:57:34
Урд Тамирын гол

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгосныг энэ жил “Ус ба энх тайван” уриан дор тэмдэглэж байна. 


Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг Орхон-Чулуут голын сав газрын захиргаанд нийт 10 аймгийн 69 сумын нутаг дэвсгэр дэх гол, рашаан ус хамаардаг.


Үүний дотор зөвхөн Архангай аймагт хамаарах  усны тоо бүртгэлийн 2024 оны дүн мэдээг танилцуулъя. Үүнд:

·        Гол-979

·        Булаг-538

·        Нуур тойром-118

·        Рашаан-28

·        Худаг 738

·        Цэвэрлэх байгууламж-1

·        Хөв цөөрөм-3

·        Үерийн далан-4

·        Цооног-5

·        Услалтын систем-2

·        Усны орд-4 бүртгэгдсэн байна.


Архангайн хувьд аймгийн төв, сумын төвийн хүн амын ундахуйн усны эх үүсвэрийг газрын доорх усаар хангадаг. Хөдөөгийн малчдын хувьд газрын доорх болон гадаргын усыг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, булаг шанд, нуур тойром, гол горхи, худгийн усыг унд ахуйдаа ашиглаж байна. Тус аймгийн хувьд гадаргын усны сүлжээ элбэгтэй. Гадаргын ус газрын доорх ус нь харилцан бие биенээ тэжээж байдаг зүй тогтолтой. Усны нөөцийг эрэл хайгуул судалгааны ажлын үндсэн дээр тогтоодог бөгөөд сум, суурин газруудын хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул судалгааг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэдэг байна.


Усны нөөц нь БОАЖЯ-ны нөөцийн зөвлөлөөр баталгааждаг. Сүүлийн жилүүдэд Архангай аймгийн хэмжээнд газрын доорх усны хайгуул судалгааны ажлыг хийгээгүй. 2022 онд Архангай аймгийн хэмжээнд хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн 52 худгийн усанд чанарын иж бүрэн шинжилгээг Газар зүй геоэкологийн хүрээлэнд хийжээ.


Аймгийн хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул судалгааны ажлыг хийх, шинэ нөөц тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг аймгийн Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ