ДАРХАН-УУЛ: Малчдад туслах хандивын аянд орон нутгийн болон төрийн өмчит компаниуд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-23 16:10:32

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол орны ихэнх нутгаар их хэмжээний цас орж хүчтэй шуурч зудын нөхцөл үүссэн. Аймгийн хэмжээнд хаваржилт хэвийн байгаа хэдий ч цас их орсон газрууд олон бий. Иймд малчдад туслах хандив, тусламжийн аяныг өрнүүлж байна.




Аймгийн онцгой комиссоор дамжуулан малын тэжээл, дулаан нэмнээ зэрэг шаардлага зүйлийг хандивлаж байна.

Уг аяныг аймгийн хэмжээнд "Дархан-Ус Суваг"ХК эхлүүлж шуурхай штабт 10 тн малын тэжээлийг малчдад хүргүүлэхээр хүлээлгэн өглөө.




Мөн Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн ажилтнуудын санаачилгаар “Нэг ажилтан нэг боодол өвс” аяныг өрнүүлж эхэлсэн байна. Уг аянд нэгдэж үйлдвэрийн 1500 орчим ажилтнууд хамрагдаж, аймгийн шуурхай штабын бүрэлдэхүүнээр дамжуулан сумдын малчин өрхүүддээ сэтгэлийн дэм өгч 20 тонн хивэг, 3.5 тонн дизель түлш, 5000 ширхэг ажлын бээлий, 500 ширхэг хөвөнтэй бээлий, 60 тонн нүүрс, 300 тонн хайрга, 245 хос ажлын гутал хүлээлгэн өглөө.




Шаардлагатай тохиолдолд техник хэрэгслээр туслах, зам гаргах боломжтой гэдгийг компанийн удирдлагууд онцоллоо.

Холбоотой мэдээ