Хэвлэлийн эрх чөлөө ба тэнцвэр

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-05-03 16:38:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын 3-нд дэлхий нийтээрээ хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг таниулах, үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөгөө хамгаалах болон мэдээлэх үүргээ сануулах зорилгоор Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг.  


1991 онд Намиби улсын Виндхук хотноо Африкийн сэтгүүлчдийн гаргасан хэвлэлийн эрх чөлөөний зарчмуудын тухай “Виндхукийн тунхаглал” гарснаар жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг нийгэмд хэвлэл мэдээлэл ямар чухал нөлөөтэй вэ гэдгийг сануулж ирсэн. Өөрөөр хэлбэл, эл өдөр хэвлэлийнхэн эрхээ нэхэж баталгаажуулан нэгддэгээрээ онцлогтой.


Түүнчлэн ЮНЕСКО-гийн 26 дугаар Ерөнхий бага хурлын тогтоолын дагуу НҮБ-ын 48 дугаар Ерөнхий ассамблейгаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тунхагласны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ жилийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний бусад бүх эрхийг хангах хөшүүрэг” гэдэгт төвлөрч, хүний эрхэд суурилсан ирээдүйг бүтээх нь чухал гэдгийг онцоллоо.


Тодруулбал, дэлхий нийтээрээ хүний эрхийг дээдэлж, хэвлэл мэдээллийн тогтолцоонд ахиц дэвшил гарсан 30 жил өнгөрч буй хэдий ч хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдал, үзэл бодлоо илэрхийлэх үйл явцад халдах байдал гарсаар байгаа нь олон нийтийн эрх ашгийг хөндөхөд нөлөөлж байна хэмээн үзэж дээрх тунхгийг гаргажээ. Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс мөргөлдөөн янз бүрийн хямралтай нүүр тулж, нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал, шилжилт хөдөлгөөн, байгаль орчны сүйрэл гээд сөрөг нөлөөллүүд бий болж байна. Үүнтэй зэрэгцэн цахим орчинд ташаа мэдээлэл улам гаарч, ардчилал, хууль эрх зүй, хүний эрхийн асуудлууд ноцтой зөрчигдсөөр байгааг ЮНЕСКО-гоос онцолжээ. 




ЮНЕСКО-гийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2013 онд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хувь хүн, хувийн хэвшил болон төрийн байгууллагаас мэдээлэл авах, иргэний болоод улс төрийн эрхийн тухай олон улсын фактын дагуу үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй хэмээн тунхагласан. Мөн сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хүний эрхийг хамгаалагчдын эсрэг гэмт хэрэгтэй адилтган үзнэ хэмээн илэрхийлсэн байдаг. Гэвч зарим улс орон үүнийг баримтлахгүй байгааг “Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллагаас /RSF/ гаргадаг үзүүлэлт нотолж байна. Энэхүү жагсаалтаар дэлхийн 180 орноос Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээрээ 88 дугаарт бичигджээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг эмхэтгэхдээ шинэ аргачлалыг боловсруулж, 7 шалгуур үзүүлэлтийг ашигласан байна. Хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлчид хувь хүн, олон нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн, улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, нийгмийн хөндлөнгийн оролцооноос үл хамааран мэдээ, мэдээллийг бэлтгэх, түгээх боломжоор хангагдсан эсэх, бие махбодын болон оюун санааны хувьд сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдийн аюулгүй байдал ямар байгаа талаарх санал асуулга гэсэн агуулга багтдаг. Мөн дээрх аргачлалд хэвлэлийн эрх чөлөөний индексийг илүү нарийвчилж, улс төрийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, эдийн засаг, нийгэм соёл, аюулгүй байдал зэрэг үзүүлэлтийг оруулдаг байна. Түүнчлэн Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтийг хэвлэл мэдээллийн хараат бус байдлын үнэлгээнд үндэслэн хэвлэлийнхэн, хуульч, социологичдын дунд явуулсан санал асуулгыг нэгтгэн шинжээчдийн дүгнэлтээр тооцон гаргадаг байна. Хэвлэлийн эрх чөлөөний индексийн гол үзүүлэлтэд олон ургальч үзэл, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, хэвлэл мэдээллийн хууль эрх зүйн орчин, ил тод байдал, хэвлэл мэдээллийг дэмжих дэд бүтэц зэрэг шалгуурууд хамгийн чухалд тооцогддог байна. Мөн тухайн орны сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл, заналхийлэлтэй холбоотой тоон мэдээллийг нэгтгэн тооцдогоороо онцлогтой.


Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь төрөөс ямар нэгэн хяналт тогтоохгүй байх, хэвлэмэл болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгмийн эрх ашгийн төлөө бодитой мэдээ, мэдээллийг  түгээх эрх нь нээлттэй хязгаарлагдмал бус байх юм.

Хэвлэлийн эрх чөлөөгөөр энэ онд Норвеги улс долоо дахь жилдээ тэргүүлсэн байна. Үүний дараа Ирланд, Дани, Швед, Финланд бичигджээ. Эдгээр улс орнууд хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрөөс ангид, хууль эрх зүйн орчин нь тодорхой, ил тод байдал, хэвлэл мэдээллийг дэмжих дэд бүтэц сайтай зэрэг үзүүлэлт нь улс орнуудыг тэргүүлэхэд хүргэжээ.


Харин манай улсын хувьд хэвлэлийн эрх чөлөө сүүлийн жилүүдэд хумигдаж байна хэмээн хэвлэл мэдээллийн салбарынхан шүүмжлэлтэй хандаж байна. Тэд “1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь дөрөвхөн зүйл заалтаар л хэмжигддэг. Эх сурвалжаа нууцлах, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалах талаар эл хуулинд нэг ч үг байхгүй. Харин хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан ёс зүйн зарчмын 8-т “Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална” гэж заасан байдаг ч хууль, цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийг шалгахдаа эх сурвалжаа илчлэхийг шаардаж буй явдал нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөөр байна. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг дэмжихийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатай. “Албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах зарим мэдээлэл хуулийн заалт нь өргөн хүрээнд мэдээллийг хаалттай болгосон. Ингэснээр сэтгүүлчид төрийн аль нэг байгууллагад очиж мэдээлэл авъя гэхэд төрийн нууц, байгууллагын нууц гэдэг үгээр ам таглахад хүргэв. 1998 оны хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 11 төсөл боловсруулсан ч УИХ-ын босгыг давж чадаагүй хэвээр байна” хэмээн ярьж байна.

Сэтгүүлч хүн цаг үеийн шинжтэй үйл явдал, үзэгдэл, нийгмийн тулгамдсан асуудлаар мэдээлэл бэлтгэхдээ хараат бус байх нь аль ч цаг үед чухал. Гэхдээ бодит амьдрал дээр хэвлэлийн эрх чөлөө нь хууль эрх зүйн орчин, хэвлэл мэдээллийн байгууллагын эдийн засгийн байдал, улс төрийн хүрээнээс хамаарсаар ирсэн. Тэр утгаараа Монголд хэвлэлийн эрх чөлөө бүрэн утгаараа оршиж чадахгүй хэвээр байгаа. Тиймээс  хэвлэлийн эрх чөлөөг сайжруулахын тулд цогц байдлаар асуудлыг авч үзэх цаг үед ирээд буй юм.

Ардчилсан улсын иргэн бүр аливаа асуудлаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө баталгаатай эдлэх ёстой. Хэвлэлийн эрх чөлөөг нэг л өдөр нэг хууль гаргаад хумьчихдаг зүйл биш. Харин эрх баригчдаас алгуурхнаар хяналт тогтоож, хуулийн хариуцлагаар далайлгах замаар тасралтгүй оролдлого хийх нь хэвлэлийн эрх чөлөөг хазаарлах аюултай. Ингэснээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө хумигдаж, тэнцвэр алдагддаг гэдгийг олон улсын байгууллагын мэргэжилтнүүд тодотгож байна.

Холбоотой мэдээ