Ичиножёо А.Ичинноров ирэх сарын башёд барилдах эрхээ хасуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-28 10:32:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сүмо бөхийн маэгашира Ичиножёо А.Ичинноровын хэргийг Сумогийн холбоо өчигдөр хэлэлцэж, 2023 оны нэгдүгээр сарын тэмцээнд барилдах эрхийг хасав.

 

Түүнийг согтуудаа Минато оякатагийнхаа гэргийд гар хүрсэн гэсэн мэдээ Японы шар хэвлэлээр гараад байсан билээ. Иймд сүмогийн холбооны Ёс зүйн хорооноос энэ сарын 22-нд Минато ояката болон Ичиножёог дуудаж, байдлыг тодруулсан байдаг.

 

Гэхдээ өчигдрийн шийдвэр нь түүнийг бусдад гар хүрсэнд биш ковидын үеийн хөл хориог зөрчиж, гадуур гаран, уушийн газар орсонд нь шийтгэл оногдуулсан байна. Ичиножёо 2020 оны 11 дүгээр сарын 22, 2021 оны 8 дугаар сарын 23-нд Токио дахь Монгол хоолны газарт архи уусан гэжээ.

 

Мөн Минато оякатаг сурган хүмүүжүүлэх чадварын алдаа гаргасан хэмээн цалинг нь гурван сар 20 хувиар хасах болсон байна. Учир нь тэр Ичиножёог хорио зөрчин гадуур гарсныг нь мэдсэн ч холбоонд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан хэмээжээ.

 

Харин оякатагийн гэргийд гар хүрсэн хэргийн талаар цохисон биш, гараа татаж байгаад хүрчихсэн, мөн 5 жилийн өмнөх хэрэг, багшийн гэргий нь шийтгүүлэх хүсэл байхгүй зэргийг харгалзан үзэж хэрэгссэнгүй үлдээсэн байна. 

Холбоотой мэдээ