“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-26 08:56:01

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Авто замын түгжрэлийг багасгах томоохон төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгаагийн нэг болох “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ, урьдчилсан зураг төсөл боловсруулах ажлыг БНХАУ-ын Гуандун мужийн “Зам тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК гүйцэтгэж байна.


Тус ажлын явц 80 хувьтай байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр авто замын хөдөлгөөний түгжрэлийг 23 орчим хувиар багасгах тооцоо бий. Замын трасс нь хотын захын бүсийг хамарч, дэд төвүүдийг холбох хоёр чиглэлтэй маршрутаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Баруун чиглэлийн маршрут нь 22-ын товчооноос эхэлж, Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран өнгөрч, Баянхошууны уулзварт хүрч нэгдүгээр тойрог замтай холбогдоно.


Харин зүүн чиглэлийн маршрут нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөжээ. Эдгээр чиглэл нь хотын зүүн, баруун захын бүсийг төвийн замын ачаалалд нөлөөлөхгүйгээр холбож, шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хотын захын хороололд амьдарч буй иргэдийн тээврийн хүртээмжийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой.


“Шинэ тойрог авто зам” төсөл нь “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хэсгээс бүрдэж байгаа. “Нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусган, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендер зарласан. ТЭЗҮ-ийн хүрээнд инженер геологи, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн судалгаа, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, ус зүйн урьдчилсан судалгаа, трассын дагууд 1:500 масштабтай байр зүйн зураглал гээд зураг төслийн суурь ажлыг гүйцэтгэлээ. Мөн авто замын трасс төлөвлөлт, хучилт, гүүр хоолой, уулзвар огтлолцол, инженерийн шугам сүлжээ зэрэг ТЭЗҮ-ийн дунд шатны ажлуудын 90 гаруй хувийг хийгээд байгаа аж. 

関連ニュース